УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар өнөөдөр Монгол-Германы ашигт малтмалын технологийн их сургууль дээр ажиллаж, Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Ундраа, “Ажлын хэсэг дээд боловсролын эрх зүйн орчин, дээд боловсрол эзэмшиж буй оюутнуудад олгодог санхүүгийн дэмжлэг, энэ талаарх Засгийн газрын журмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сургалтын чанар, агуулгад анхаарал хандуулж байна. Түүнчлэн багш, судлаач, эрдэмтдийн нийгмийн асуудал, ажиллах орчин, мэргэжил дээшлүүлэх бололцоо хэр зэрэг хангагдаж байгааг судлах юм” гэлээ.
Дараа нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм сургуулийнхаа талаар товч танилцууллаа. Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд тус сургуулийн хими, физик, авто механикийн лабораторитай танилцсан юм.
Ажлын хэсгийн гишүүд хуулийн хэрэгжилт, бодит байдалтай танилцсаны дүнд үндэслэн боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт, цаашид анхаарах асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах зорилгоор ийнхүү их, дээд сургуулиудад ажиллаж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
+ There are no comments
Add yours