Б.Чойжилсүрэн: Татвар нэмснээр хүмүүсийн амьжиргаанд нөлөөлөхгүй

Б.Чойжилсүрэн: Татвар нэмснээр хүмүүсийн амьжиргаанд нөлөөлөхгүй

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаан  52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг дагалдуулан нийт найман хуулийн төсөл, Улсын Их Хурлын гурван тогтоолын төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Сангийн сайд илтгэлдээ, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг дурдлаа.

Тэрбээр, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцоллоо.

УИХ-ын гишүүд татвар дундаж амьдралтай хүмүүсийн амьдралын түвшинд хэрхэн нөлөөлөх талаар Сангийн сайдаас тодрууллаа.

Тэрбээр “ОУВС-тай хэлэлцээр амаргүй байсан. ОУВС-гаас анх 35 шаардлага тавьсан. Хэлэлцээний явцад тус шаардлагыг бид 50 гаруй хувиар буюу 16 болгон бууруулж чадсан. Татварыг тооцохдоо хүн амын дундаж болон түүнээс доош давхаргын амьжиргаанд нөлөөлөхгүй байх бодлогыг баримталсан гэв.

Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Онцгой албан татварын хуулиар шатахууны онцгой албан татварын дээд, доод хязгаарыг УИХ баталж, баталсан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох эрхтэй байдаг. Өнгөрсөн оны сүүлч болон он гарсаар гадаад зах зээл дээр түүхий газрын тосны үнэ өсөж, гадаад валютын ханш хэт их хэлбэлзэлтэй байснаас шалтгаалан шатахууны үнэ огцом өсөх эрсдэл бий болсон. Үүнийг Засгийн газар тухай бүр зохицуулж, шатахууны онцгой албан татварыг гурван удаа бууруулсан. Энэхүү бууруулсан шатахууны онцгой татварын сүүлийн хоёр удаагийн бууралтыг 2017 оны 7 дугаар сарын 01 болон 10 дугаар сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар буцаан ногдуулахаар тооцсон. Засгийн газраас шатахууны онцгой татварыг үе шаттай буцаан тавихдаа импортоор орж ирж буй шатахууны хилийн үнэтэй уялдуулан аль болох жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх зорилтыг тавихаар болжээ.

 Б.Чойжилсүрэн сайд танилцуулгадаа  хувь хүний орлогын түвшнээс хамааруулж шатлал тогтоон, 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдсэнтэй уялдуулан орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тооцсон байна. Монгол Улсын нийт ажиллагсдын дундаж цалин өнөөдрийн байдлаар 800.0 гаруй мянган төгрөг байна. Бидний сонгосон эхний босго бол 1.5 сая төгрөгийн цалин бөгөөд одоогийн дундаж цалингаас хоёр дахин их дүн юм. Иймд 1.5 сая төгрөгөөс доош цалин авч байгаа хөдөлмөр эрхлэгчид болох нийт ажиллагсдын 95 хувийг доод шатлалд буюу 10 хувиар хэвээр үлдээж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2006 онд шинэчлэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 84.0 мянган төгрөг байсан. Тэр үеэс хойш нэмэгдсээр өнөөдөр 240.0 мянган төгрөг болж өссөн байна. Иймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөнгөлөгдөх татварыг 84.0 мянган төгрөгөөс 240.0 мянган төгрөг болгох ажлыг үе шаттайгаар хийхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ арга хэмжээ нь татвар ногдох орлогыг нэмэгдүүлэх биш эсрэгээр нь бууруулах алхам болно гэдгийг онцолж байв.

 Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх тухай заалтад аж ахуйн нэгжид хамааралтай ганцхан татвар бий. Бусад нь архи, тамхи, автомашины Онцгой албан татвар” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.