ОРЧНОО КАМЕРЖУУЛААД 60 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛААС ХУВААЛЦААРАЙ

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран “Камержуулалт” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байгаагаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлэв.

Уг уралдаанд хотын есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, хороо, СӨХ, хөршийн хяналтын бүлгүүд, иргэд олон нийт оролцох бүрэн боломжтой бөгөөд уг уралдааны шагналын нийт сан нь 60 сая төгрөг.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “Иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууц, гэр хорооллын гудамж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг хүн ам ихээр төвлөрдөг газруудыг камержуулах юм. Орчны газраа камержуулсан иргэд өөрсдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй, багагүй мөнгөний санхүүжилттай болж байгаагаараа давуу талтай” гэсэн.

Дашрамд дурдахад,  2016 онд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 282 гэмт хэргийг камерын хянатаар илрүүлсэн нь тус онд гарсан эзэнгүй хэргийн 2.5 хувийг, 2017 оны эхний 3 сарын байдлаар нийслэлд гарсан нийт гэмт хэргийн 0.3 хувь буюу 117 хэргийг камерын хяналтаар илрүүлсэн байна. Камерын хяналтаар илрүүлсэн нийт гэмт хэргийн дийлэнх нь буюу 67.5 хувь нь бусдын өмч хөрөнгийг хулгайлах, 15 хувь нь танхайрах, 4.6 хувь нь дээрэмдэх, 4.2 хувь нь залилан мэхлэх гэмт хэрэг эзэлж байгаа ажээ.

Камержуулалт болзолт уралдаанд түрүүлсэн СӨХ, хөршийн хяналтын бүлэг, хороо нь тус бүр  зургаан сая төгрөг, аман хүзүүдсэн СӨХ, хөршийн хяналтын бүлэг, хороо нь  тус бүр таван сая төгрөг, гуравдугаар байранд орсон СӨХ, хөршийн хяналтын бүлэг, хороо нь тус бүр дөрвөн сая төгрөгийн шагналын эзэн болох юм байна. Харин санаачилгатай ажилласан дүүрэг, хорооны Засаг даргын Тамгын газар тус бүр дөрвийг, , камержуулах ажлыг дэмжиж, санаачилгатай ажилласан цагдаагийн байгууллагын ажилтан тус бүр дөрвийг,санаачилгатай ажилласан иргэн мөн дөрвийг шалгаруулж, тус бүрийг нь сая төгрөгөөр шагнахаар болсоноо Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл сэтгүүлчидтэй уулзахдаа өгүүлсэн.

Сэтгүүлч Х.Ганялалт

 

 

 

 

 

+ There are no comments

Add yours