Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ хуралдаж байна. Тус хурлаас гарсан эхний шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс мэдээллээ.
Уг хурлаар компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж нэр бүхий хүмүүсийг оронд нь томилсон байна. Тодруулбал, Үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогтыг томилжээ. Тэрээр Уул уурхайн ашгилалтын инженер мэргэжилтэй. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 1982 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Баяжуулах фабрикын даргын албыг хашиж байсан нэгэн юм. Мөн Ерөнхий захирлын Хөгжил, их барилгын асуудал хариуцсан орлогчоор П.Батболор гэх хүн томилогдсон байна. П.Батболор 1992 оноос хойш тус үйлдвэрт ажилласан. Уул уурхайн инженер мэргэжилтэй юм. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ын шийдвэрээр Ерөнхий захирлын Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан орлогчийн албанд МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч Д.Дэлгэрбаяр томилогджээ. Тэрээр АИТХ-ын тэргүүлэгч бөгөөд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан ажээ.
Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан Б.Шинэбаатарыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн албыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэдгийг ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн хэллээ. Б.Шинэбаатар нь 49 хувийн буюу “Монголын зэс” корпорацийн төлөөлөл. Түүнийг дээрх албанд үйлдвэрийн Ерөнхий захирал санал болгосон нь ТУЗ-ын хурлаар дэмжигдсэн гэнэ.
ТУЗ-ын хурлаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ албан тушаалд н.Батсайхан гэх хүн нэр дэвшсэн аж.
Уг хурлаар ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулалтай холбоотой ямар нэгэн асуудал хэлэлцэхгүйг онцоллоо. “Үйлдвэрийн тодорхой хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж болзошгүй. Гэхдээ инженер техникийн буюу үндсэн ажилтнууд ажилгүй болохвий гэж санаа зоволтгүй” гэж ТУЗ-ын дарга У.Бямбасүрэн ярьлаа.
+ There are no comments
Add yours