ДУУТАЙ ТЭНГЭР ХУРГҮЙ…

ДУУТАЙ ТЭНГЭР ХУРГҮЙ…

Олон хоног үргэлжилж, олны анхаарлыг ч мундахгүй татсан шүүх хурлын шийдвэрийг сонссон хүмүүс дуутай тэнгэр хургүй гэгч боллоо хэмээлцэх. Арга ч үгүй биз дээ, олны дунд “хүргэн хүү” хочоор алдаршсан шинэчлэлийн  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хэмээх өндөр суудлыг хадам ахынхаа хүчээр өөрийн болгосон азтай хүү Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд таван хоног үргэлжилсэн хойно.

Таван этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал таван хоног үргэлжилж, шүүгчид зөвлөлдөн шийдвэрээ гаргахад иргэд ч тэр  шүүгдэгчид ч тэр бүгдээрэ бухимдав. Улс төрийн шалтгаантай гэмт хэрэг хэмээн үзэж буйгаа өч төчнөөн хэлж, өөрсдийгөө гэм буруугүй хэмээн үзэж байсан учраас шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэх нь шүүгчдэгчдийн зөв биз. Харин тэднийг гэм буруутай, тиймээс жирийн иргэдийн татвараа төлж бүрдүүлсэн улсын хөрөнгөөс дур зоргоороо, албан тушаалаа ашиглан шамшигдуулсан хэмээн үзэж буй олон нийт шүүхээс тэд нарт ногдуулсан ялыг хөнгөдлөө хэмээн үзэж мөн л бухимдаж буйгаа илэрхийлж байгаа нь бас л зөв байх нь аргагүй. Ийнхүү хоёр зөвийн дунд таван өдөр чилтлээ сууж, тархиа гашилгаж, эцгийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шийдвэр гаргах нь шүүгч нарт ч бас амаргүй л байсан буй за.

Шүүхээс шүүгдэгч Г.Дэнзэнг давтан үйлдлээр, бүлэглэн, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан хэмээн үзэж, 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бол шүүгдэгч Я.Батсуурийг мөн адил заалтаар \ гэхдээ гүйцэтгэсэн гэдэг ангиллаар\500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв. Харин шүүгдэгч Г.Түмэнхүүг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5.1 жил, шүүгдэгч Т.Төгсбаярыг 100.000 эд хөрөнгө хурааж, 5 .6 жил, шүүгдэгч Д.Баярмааг  1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн. Энэ бол тэдний үйлдсэн хэрэг үнэн болохыг нотолж тогтоосон шүүхийн тогтоолыг үндэслэн гаргаж буй шүүхийн шийдвэр.

Үүний дараа дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдэд холбогдох хууль журмыг үндэслэн мөн өршөөл үзүүлдэг нөгөө тал гэж буй. Тиймээс шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар тус бүрт оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510,1-д зааснаар шүүгдэгч Г.Дэнзэнгээс 137,116,300 төгрөг гаргуулж Сангийн яаманд,
Шүүгдэгч Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас 5,535,164,509 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Эрдэнэс таван толгой ХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61,1, 61,4-т зааснаар шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавих үүргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан байна.

 Ингээд орхих нь зөв биз. Цааш нь угаасаа уншигчид маань өөрсдөө ойлгоод уншчих хойно…

Сэтгүүлч С.Саянаа

Leave a Reply

Your email address will not be published.