УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй гадаад орнуудын парламентын тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийлээ.
УИХ-ын дарга М.Энхболд: Монгол бол Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны таван орны нэг
Эхлээд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын парламентын дарга, хатагтай Ширин Шармин Чаудритай уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулж буйд нь хатагтай Ширин Шармин Чаудрид баяр хүргээд, 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад тус улсын Ерөнхий сайд, хатагтай Шейх Хасина оролцсонд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны таван орны нэг бөгөөд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж буйг онцоллоо.
Хоёр улсын худалдаа, эдийн засаг, бусад салбарын хамтын ажиллагааны асуудлыг уулзалтын үеэр хөндөв. УИХ-ын дарга М.Энхболд өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломж буйг дурдлаа.
Хатагтай Ширин Шармин Чаудри Бангладешт болж буй ОУПХ-ны чуулганд Монголын төлөөлөгчид оролцож байгаа нь манай орны түүх, соёлыг таньж мэдэх, улмаар хамтын ажиллагаа өргөжих сайхан боломж олгож байна гэж тэмдэглэлээ. Тэрбээр бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог манай улсын хувьд эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл болон савхин эдлэл нийлүүлэх, дэд бүтцийн болон бусад салбарт Монголын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэлээ.
Хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, парламентад найрамдлын бүлгүүд байгуулах, гишүүдийг харилцан айлчлуулж, туршлага мэдлэгээ солилцохын чухлыг онцоллоо.
УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Ширин Шармин Чаудриг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.
Тайландын парламентын Тэргүүн дэд ерөнхийлөгч Сурачай Лиенбонлертчай: Тогтвортой
ардчиллыг хөгжүүлэх нь бидний зорилго
Тайландын Вант Улсын Хууль тогтоох үндэсний ассамблейн Тэргүүн дэд ерөнхийлөгч Сурачай Лиенбонлертчай “Хоёр улс газар зүйн хувьд хол зайтай ч хамтын ажиллагааны цөөнгүй жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд парламент хоорондын хамтын ажиллагаа өрнүүн хөгжиж байна. Цаашид энэ харилцааг илүү идэвхжүүлэх, ойр дөт хамтран ажиллахыг бид эрмэлзлээ болгож байгаа гэдгийг Танд дуулгахад таатай байна гэлээ”.
Тэрбээр Тайландын Вант Улс Үндсэн хуулиа шинэчлэх үйл явцыг эхлүүлж байгаа бөгөөд энэ нь Тайландад тогтвортой ардчиллыг хөгжүүлэх бидний зорилгын нэгэн алхам юм хэмээн онцоллоо.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын хоорондох хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад талархалтай байдгаа илэрхийлээд, парламент хоорондын харилцааг чухалчилж үзэж байгаагаа тэмдэглэв.
Монгол Улсын Их Хуралд УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулсан Монгол, Тайландын найрамдлын бүлэг байгуулагдсаныг мэдээлж, танай бүлгийн дарга энэ тавдугаар сард Монголд айлчлах гэж байгаа нь нэгэнт тогтсон найрсаг харилцааг бататгаад зогсохгүй, цаашдын хамтын ажиллагаанд шинэ үүд хаалга нээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Ирландын парламентын дарга Денис О’Донован: Малын гаралтай бүтээгдэхүүний экспортоор Ирланд дэлхийд дээгүүрт ордог.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын дарга, сенатч Денис О’ Донован тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр Монгол Улс Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байгаа, энэ хэлэлцээрийг Европын холбоо батлахын өмнө тус холбооны гишүүн орнууд соёрхон батлах шаардлагатай байдаг, Ирланд Улс баталчихвал Европын бүх орнуудтай шинэ хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдэх тул энэ асуудалд анхаарлаа хандуулна уу хэмээн ноён Денис О’Донованаас хүслээ.
Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүний экспортоороо дэлхийд алдартай Ирландын туршлагаас суралцах, хөдөө аж ахуйн мэргэжилтнийг тус улсад сурган бэлтгэх, соёлын хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа М.Энхболд дарга илэрхийлэв.
Ирланд Улсын парламентын дарга, сенатч Денис О’Донован гэрээ соёрхон батлах асуудлыг нутагтаа очсон даруйдаа Засгийн газрын тэргүүн, Гадаад харилцааны сайд нараас асууж лавлаад, түргэвчлэх асуудалд биечлэн санаа тавина хэмээн амлалаа.
Мөн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхол хоёр талын аль алинд байгаа тул энэ уулзалт шинэ харилцааны эхлэл болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Тэрбээр “Манай улс хөдөө аж ахуйн талаар арвин баялаг туршлагатай. Махны экспорт, хонь үржүүлэх, нэмүү өртөг шингэсэн малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тухайлбал бяслаг, сүү, түүний дотор хүүхдийн тэжээлийн сүүг дэлхийн зах зээл дээр гаргах бизнесээр дэлхийд дээгүүрт ордог. Их Британи улс Европын холбооноос гарч, тус холбоон дахь англи хэлт цорын ганц орон нь манайх болоод байгаа эгзэгтэй цаг үе тохиож буй ч ХАА-н үйлдвэрлэлийн тэргүүлэх байр сууриа алдахгүйг хичээж байна” гэлээ.
-Манай боловсролын салбар хэдийгээр бүрэн төгс биш ч, тогтолцоо нь маш сайн. Одоогоор Ирландад Монголын 1000 орчим иргэн ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Оюутан солилцооны талаар манайх нэлээд туршлага хуримтлуулсан, энэ хэлбэрээр гаднаас ирж суралцдаг оюутны тоогоор дэлхийд дээгүүрт ордог тул монгол залуусыг үүнд хамрагдаасай гэж хүсэж байна. Түүнчлэн хоёр орны соёлын өвөрмөц онцлог дээр тулгуурласан харилцаа, хамтын ажиллагаа сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна гэж ноён Денис О’Донован тэмдэглэв.
Мөн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг Ирландад очуулж, хамтын ажиллагааны бодит яриа хөөрөө өрнүүлэх, бүтээгдэхүүний экспортод евро стандартыг чухалчилж үзэх талаар анхаарахыг зөвлөлөө.
УИХ-ын дарга М.Энхболд энэ удаагийн уулзалтаар ярилцсан хамтын ажиллагааны асуудлаар хоёр тал идэвхтэй яриа хөөрөө өрнүүлж, үр дүнд хүргэхийн чухлыг тэмдэглэлээ.
Шри Ланкийн парламентын дарга Кару Жаяасурия: Бидний амьдрал ахуйд ойр төстэй зүйл олон бий
Шри Ланкийн парламентын дарга Кару Жаяасуриятай хийсэн уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд шашин, соёлын хувьд ойр дөт тус улстай аялал жуулчлал, соёлын болон парламент хоорондын хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ноён Кару Жаяасурия манай хоёр ард түмний амьдрал ахуйд ойр төстэй зүйл олон бий. Хоёулаа найрсаг зочломтгой. Тэгэхээр бидний хамтын ажиллагаа аль алины маань сонирхолд нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Парламентын хамтын ажиллагааны хувьд гишүүдийг харилцан айлчлуулах, Тамгын газрын ажилтнуудыг туршлага солилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах чиглэлээр өрнүүлбэл илүү тустай гэж үзэж байна гэв.
Тэрбээр Шри Ланкийн улс төрийн нөхцөл байдал, 2015 онд болсон сонгуулийн үр дүнг танилцуулж, эвслийн Засгийн газар байгуулснаар зөвшилцөл, эв эеийг эрхэмлэн, эх орон, иргэдийнхээ төлөө хамтран зүтгэх сайхан боломж бүрдсэн гэж мэдээллээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Манай төр, засгийн төлөөлөл удахгүй танай оронд айлчилна. Энэ айлчлал, өнөөдрийн уулзалт хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцаа, урт удаан хамтын ажиллагааны эхлэл байх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.
Лок Сабхагийн тэргүүн Сумитра Махажан: Залуус сайн харилцааны
бат бөх гүүр тавих болно
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим Лок Сабхагийн тэргүүн Сумитра Махажантай уулзлаа.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсныг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглээд, энэ үеэр амласан Энэтхэгийн Засгийн газрын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлтэй зээлийг хэрхэн, ямар зориулалтаар ашиглах талаар хоёр орны Засгийн газрууд хэлэлцэн тохирсон. Манай улс тус зээлийг нефть боловсруулах үйлдвэрт ашиглахаар шийдсэн. Тохиролцоог ойрын үед ажил хэрэг болгох талаар хатагтай Сумитра Махажан Таныг анхаарлаа хандуулна уу хэмээн хүсэж байна гэв.
-Энэ оны долоодугаар сард Энэтхэгийн Дотоод хэргийн сайдын Монгол Улсад хийх айлчлал хамтын ажиллагаанд томоохон түлхэц болох нь дамжиггүй. Танай улс мэдээллийн технологи, эрүүл мэнд, боловсрол, шашны зэрэг салбарт бидэнд туслалцаа дэмжлэг үзүүлж байгаад бид баяртай байдаг. Бид цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөтгөж, парламент хоорондын харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж УИХ-ын дарга хэллээ.
Хатагтай Сумитра Махажан Монголд айлчилсан тухайгаа дурсан яриад, санал хүсэлтийг ажил хэрэг болгоход анхаарлаа тавина гэв. Тэрбээр хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд өрнүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааны өгөөжийг нэмэгдүүлэх, ард түмнүүдийн уламжлалт харилцааг шинэ агуулгаар баяжуулахын чухлыг тэмдэглэв. Тэрбээр “Боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөтгөх нь бидний зорилгод томоохон хөшүүрэг болно. Энэтхэгт монгол залуус боловсрол эзэмшсэнээр сайн харилцааны бат бэх гүүрийг тавих боломжтой” гэж онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
+ There are no comments
Add yours