НУЛИМСАН ЗАМТАЙ ШАРЛАСАН ТҮҮХИЙН ЖИМЭЭР…

Сэтгүүлчид шарласан түүхийн жимээр мөр гаргасан намрын нар өдрүүдийн нэгэн сурвалжлагаа та бүхэндээ хүргэе. Хэлмэгдлээс зугтаж, амьд үлдэхийн тулд шар шувталсан лам нар ооно буудаж орхимжоороо холбож ганзгалдаг гашуун цаг үеийн буурал тоостой орог саарал толгодын дунд ов товхон дурсамжинд хөтлөгдөн бэдрэх бидний аян. Түүхийн шар хуудсыг харамсал, цус, нулимс, хайр сэтгэл, халуун зүрхний дурсамжтай эргүүлсэн 10 хоног…

“Хэлмэгдүүлэлт гэхээр л хэн нэгнийг буудаж амийг нь хөнөөж байснаар төсөөлөх юм. Гэтэл амийг нь хөнөөхөөс илүү сэтгэл санааг нь дарамталдаг, үр хүүхдийг нь сургууль соёлгүй болгож, эхнэрийг нь эсэргүүний эхнэр хэмээн дарамталснаас эцэг эхтэйгээ ч уулзаж чадахгүй “амьдын там”-д унаж байсан юм шүү дээ. Ер нь хүүхдүүд минь хүний амьдралын хамгийн хатуу, хэцүү зүйлийг хэлмэгдүүлэлт гэж хэлж болно. Ямар ч буруугүй байж бусдад хардагдаж, гэм хийгээгүй байж гүтгэгдэн амьд явах ямархуу хүнд хэцүү болохыг бидний өвөг дээдэс мах цусандаа шингэтэл мэдэрсэн хүмүүс. Тиймдээ ч өөрийгөө хар болсон гэдгээ мэдэгдэх гэж ооно буудчихаад орхимжоороо оосорлон ганзгалаад явдаг байсан гэдэг. Энэ нь ан хийсэндээ биш өөрийгөө шар шувталж, хар болсон гэдгээ ногоон малгайтнуудад харуулах гэсэн арга л байхгүй юу…”

“…Миний өвөг эцэг лам хүн байсан болохоор төрийн эсрэг гэмт хэрэгтэн болж буудуулсан гэдэг. Ер нь тэр үеийн лам нарыг хийдийн арын жалганд бөөнөөр нь хядаж, үлдсэнийг нь хийдэд хорьсноос дарагдаж нас барсан нь олон гэлцдэг юм, ум мани бадми хум…”.

 “…Хэлмэгдүүлэлт нутгийн бүх л иргэдийг дайрч байсан юм билээ. Манай нутагт Далантай арслан, Цэрэндамбаа, Магсар заан гэдэг нэртэй бөхчүүд энэ хэлмэгдүүлэлтэд өртөж амь нас, бие эрхтэнээрээ хохирсон хүмүүс. 1930-аад онд Далантай арслан баригдаад нэг их удалгүй суллагдаж хотод ажилд орсон ч нутагтаа ирэхийн урд өдөр “долоон хүзүүт” Дорж гэдэг лам түүнийг ховлож бариулснаар Хар далай руу ачигдаж тэндээ амиа алдсан. Магсар зааны хувьд баригдахын өмнөх өдөр нь улсын наадам болж улсын заан Бавуужав гуайг хаях юм бол түүнийг барихгүй, харин унах юм бол барина. Гэхдээ хоорондоо худлаа барилдах юм бол хоёуланг нь баривчлах болно гэдэг болзол тулгасан байдаг. Ингээд өмнө нь дандаа таарч унадаг байсан Бавуужав зааныг Магсар заан хаяснаар нэг удаагийн баривчлагаанаас мултарсан гэдэг. Харин Цэрэндамбаа зааны хувьд хилсээр баригдаж эхнэр хүүхэдтэйгээ уулзаад нас барсан гэх зэргээр хэлмэгдүүлэлтийн тухай ярьвал их зүйл байгаа…”

  “…Заяын хүрээ байгуулагдсан түүхийг олон янзаар ярьдаг. Энэ бүхнээс хамгийн ойр түүх нь Ширээт гэгээн, Заяын гэгээн, Цэцэн Чой ван нар Булган уулын өвөрт хоносон гэдэг. Гэхдээ ингэж хонохдоо тэр гурав ярилцаад “ганцхан шөнийн дотор хэн нь аягандаа цэцэг ургуулж чадахаа үзье” гэж тохиролцож. Гэтэл Цэцэн Чой вангийн аяганд цэцэг ургасан байхыг нь харсан Заяын гэгээн хулгай хийчихээд унтаад өгсөн гэдэг. Харин өглөө босоод Заяын гэгээний аяганд ургасан цэцгийг харсан Цэцэн Чой ван ”таны шавь нар л урт гартай болох байх даа” гэчихээд босоод явчихсан гэдэг. Ингээд гурвуулаа хүрээнийхээ шавыг тавьж газраа сонгохоор болж Галданзуу бурханыг босгосон байдаг. Харин дараа нь газраа сонгохдоо Заяын гэгээн Булган уулын дээр байрласан улаан бурхан багшийг зуруулсан бол Цэцэн Чой ван дээр нь овоо босгосон байдаг. Ингээд газар нутаг нь Цэцэн Чой вангийнх, шавь, албатууд нь Заяын гэгээнийх хэмээлцдэг бөгөөд ихээ том газрыг хамардаг нь Өндөр-Улааны хагас, Чулуут, Их тамир, Булган уул тэр чигээрээ юм шүү дээ…” ийм л хөөрөлдөөн дунд өнгөрүүлсэн 10 хоногийн томилолт гайхалтай байсан.

Хангай нутгийн иргэд, тэртээх хэлмэгдүүлэлтийг бие болон сэтгэлээрээ мэдэрсэн буурлуудын үг, даруй дал гаруй жилийн өмнөх түүх хэдий ч буурлууд маань энэхүү хүнд хэцүү түүхийг өгүүлэхдээ хоолой чичрүүлэн, нударга зангидан хэсэг чимээгүй болох… Хөгшдийн гунигийг өөртөө нууж, илээсэн хөх салхи үлээсэн бүлээн тууриар зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатараар ахлуулсан сэтгүүлчид Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар аялж нутгийн иргэдтэй уулзан 70 гаруй жилийн тэртээх гашуун амьдралын хөшгийг цөөн хором татсан юм.

Аялалын зорилго их хэлмэгдүүлэлт хэмээн нэрлэгдэх 1930-аад оны түүхийг бага боловч гаргаж уншигчдадаа хүргэх байсан. Аялалын эхлэлийг Архангай аймгийн төвд Булган уулын өвөрт орших “Галданзуу”-гийн хийд, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх Заяын хүрээнээс эхэлсэн нь учиртай. Буурал сорд дарагдсан хөх өвс хөлөөр хөглөрч, их түүхийг өгүүлсэн хийдийн туурь хаа нэг салхилах халуун салхинд гунигтайхан бөхөлзөж. Золоор үлдсэн багана, босго олон жилийн тэртээд өнгөрсөн түүхийг шивнэх адил гунигтайхан чихрах нь чихэнд содон…

Заяын хүрээг өмнөх шигээ гэж худлаа хэлэхгүй ч гайгүй сайн тохижуулсан нь нүдэнд илхэн ч “гэхдээ л …” гэсэн бодол хэн хүнгүй л бодогдсон байх. 70 гаруй жилийн тэртээ 1000 лам ном хурдаг байсан их дуган өнөөдөр хөх өвсөнд “дарлуулсан” жижигхэн туурь болсон ч хүмүүсийн сэтгэлийг татдаг газрын нэг хэвээр үлдэж. Тиймдээ ч 30 гаруй ламтай тус хийдэд номын дуу, арц хүжийн үнэр тасраагүй хэвээр… Биднийг тус хийдийн хамба Б.Баасанжаргалтай уулзаж байхад нутгийн иргэдийн болон жуулчдын хөл тасрахгүй байсан. Одоогийн Заяын хүрээний хамба лам Х.Баасанжаргал 30 гаруй л насны залуухан хувраг. Хоолойгоо үе үехэн нэг их сүртэй засах тэрбээр бидний асуусан асуултад би сайн мэдэхгүй байна гэх юм уу, номоос харвал … хэмээсэн хариулт өгсөн нь хэн хүнгүй сэтгэл дундуурхан байсныг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана.

Учир нь тэр холоос тус хийдийг зорьж ирсэн хүмүүс өнөө цагийн Заяын хүрээг, тэртээ цагийн түүхтэй нь хамтад нь “үзэх”-ийг хүсэх нь лавтай. Ийм л хүсэлтэй хүмүүсийн нэгэн адил байсан би вээр хамба ламын номноос харвал гэсэн үгэнд дургүйхэн байх нь хэр санагдах. Тэр өөрөө өөрийгөө ялсан ч бас ялласан Бидний зорилго хэлмэгдүүлэлтийн үеэр нэвтрүүлэг хийж олны хүртээл болгох байсан ч бүр гол зорилго нь аялалын ахлагчийн маань бичсэн “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөө зүтгэе” кино зураг авалтынхантай уулзах байсан. Зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатарын зохиол “БНМАУ-ын төлөө зүтгэе” зохиолоор “Гал пикчерс” студи санаачлан бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байгаа бөгөөд кино зураг авалтын 60 гаруй хувийг тус аймгийн нутагт авах юм билээ. “БНМАУ-ын төлөө зүтгэе” киноны продюсераар Ч.Мөнхзул, ерөнхий найруулагчаар “Гал пикчерс” студийн захирал Г.Бадамрагчаа, ерөнхий зураглаачаар”Лемон продакшн” студийн захирал, оператор Л.Лхагвадорж, ерөнхий зураачаар тус студийн зураач Х.Лхагвадорж нар ажиллаж байгаа.

…Чекист Дарамбалсан өөрийн чин үнэнчээр итгэсэн коммунист үзэл санаа, эх орны тусгаар тогтнолын төлөө аргагүйн эрхэнд хамгийн дотнын андаа ч гэсгээн цээрүүлдэг. Нэгэн өдөр холын аймагт хувилгаан төрж, ард олны сэтгэлийг үймүүлж, хувьсгалт засгийн эсрэг бослого дэгдээх гэж байгаа талаар Дотоодын хамгаалах яаманд мэдээлэл ирж. Аюулыг таслан зогсоох даалгаварыг чекист Дарамбалсанд даалгана… Хөдөө нутагт ирж байдлыг газар дээр нь судлах чекист Дарамбалсан тус нутагт үнэхээр хувилгаан төрж , ард олны амар амгалан болгоно гэж бат итгэсэн эгэл хүмүүсийг олж харна. Түүнчлэн энэ даалгаврыг гүйцэтгэх явцдаа түүний багын найзыг хилсээр гүтгэн хороолгосон өөдгүй этгээд байсныг эцсийн мөчид олж мэдсэн ч дэндүү оройтсон байдаг. Эх орныхоо төлөөх тэмцэлд найзаа, хайртай бүсгүйгээ, хүнд итгэх итгэлээ алдсан нь түүний хувьд хялбар байсангүй. Гэтэл энэ бүхэн багадсан юм шиг түүний нөр их хөдөлмөр гаргаж эрж хайсан хувилгаан нь өөрөө байсан гэдгийг мэдэх нь хамгийн гашуун байх юм гэдгийг өөрөө ч мэдээгүй байж…

 Түүнд  үлдсэн хоёр зам нь хувилгаан хэмээгдэж ард олонд тустай үйл хийх үү, өнөөг хүртэл чин үнэнч зүтгэсэн коммунизмдаа үнэнч үлдэж өөрийгөө илчлэх үү…Эцсийн эцэст эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэл нь дийлж, түүнйи итгэж ирсэн коммунист улсыг байгуулахад саад болж болзошгүй хувилгааныг даран сөнөөх нь хамгийн эрхэм үүрэг хэмээн итгэсэн Дарамбалсан нэгэн замыг сонгосон нь өөрийгөө илчилж, өөртэй цаазын ялыг уншсан… Тэр Бүгд Найрамдах Монгол Ард улсынхаа төлөө зүтгэж байсан юм… Тиймээ, энэ бол “БНМАУ-ын төлөө зүтгэе” киноны зохиол. Тун удахгүй кино зураг авалт нь эхэлж нэг их удахгүй үзэгчдийн хүртээл болох энэхүү сонирхолтой киног эрхэм уншигчид та бүхэн маань над шиг л хүлээж байгаа гэдэгт итгэж байна…

   Сэтгүүлч Х.Ган-Ялалт

 

+ There are no comments

Add yours