ЗОХИОГЧ Д.ТЭРБИШДАГВА… “ЗААГ”

Хаврын дунд сарын шинийн гурваны билэгт сайн өдөр “ЗААГ” номынхоо нээлтийг хийж буй эрхэм бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга  Д.Тэрбишдагва юм. Тэрээр номынхоо нээлтийн ёслолын арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Дөрвөн жил олон ч  хуудас цаас эрээчсэн, тэрнийгээ олон ч удаа хайр найргүй урж хаясан даа. Тийнхүү аар саархан намтар түүхээрээ оролдож суутал, “Тэрбишдагва гэдэг ганц бодгаль хүний туулсан хийгээд туулж байгаа амьдрахуйн зам мөрийн дүр зургийг гаргаад бүхэлд нь зурчихвал нэгэн жаран, бүтэн нэг улс орны түүх нийгмийг ахуй амьдралтай нь харуулчихаж болох юм биш үү дээ” гэх бодол орж ирсэн нь “ЗААГ” номын маань утга учир, амин сүнс нь болсон билээ. Харин ч номын минь дотоод ертөнц бол Монгол Улсын хөгжлийн гарц болох  “Ажилсаг Монгол хүн”, “Сахилга дэгтэй Монгол хүн” гэсэн философид зангигдсан болохыг та бүхэндээ учирлан хэлэхийг хүсч байна.

 Монголчууд бид ч гэсэн ардчилагчид мөн бишээрээ, манай нам танай нам гэдгээрээ, бүр нам дотроо хүртэл бүлэг фракцаараа талцан бие биеэ зааглан, хиймэл салхин тээрэм бий болгочихоод тэмцэлдсэн хэвээр л байна. Тэгж байгаад улсаа хүртэл нураачих дөхөх л юм. Хаа байна аа, тэр үзэн ядаад байгаа дайсан чинь, дайсагнал чинь, учир зүйгээ олоод, юу юугүй зааглаад босч ирээд байгаа тэр хаалт саадыг нураачих л юм бол, цаанаас нь хэн гарч ирэх вэ, адилхан монголын үрс, зовдог жаргадаг зүрхтэй ахан дүүс чинь гарч ирнэ. Яах юм бэ, тэгж бие биенээсээ зааглагдаад, тэр хэрээр улс орон минь л хохирно.  Ард түмний сайн сайхан, аз жаргалтай амьдрал, эв нэгдэл, хамтын ажиллагаа, амгалан тайван байдал, хөгжил дэвшилд ямар ч хана хэрэм, зааг хязгаар хэрэггүй.Харин хүний эрх, эрх чөлөөг боймлох, үзэн ядалт, эзлэн түрэмгийлэл, сахилга, дэг журамгүй байдал зэрэг хүн төрөлхтөний сайн сайхны эсрэг бүхэнд “хатуу хана хэрэм, зааг хязгаарлалт ямагт байх ёстой”-г энэхүү номын ”ЗААГ” нэр бүхэлд нь агуулж, төлөөлж чадна гэж үзсэн юм” хэмээсэн.

Номын нээлтийн ёслол дээр  Ардын Уран Зохиолч Д.Урианхай, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, профессор, академич Б.Жадамбаа,  Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төв номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо нар    сэтгэлийн үгээ, захиасаа хэлж, бодол шүүмжээ үзэгч олонтой хуваалцаж байлаа. Зочид үг хэлсний дараа номын баринтаг задлах ажлаар ёслолын үйл ажиллагаа үргэлжилсэн юм. Номын дээжээс  Ерөнхийлөгч асан Н.Багабанди,УИХ-ын дарга асан  Д.Дэмбэрэл, төрсөн эгч Д.Цээсүрэн, нутгийн зон олны төлөөлөл Архангай аймгийн ИТХ-ын дарга н.Баттулга, сайд н.Өөлд, С.Мягмар, хамба лам Ариунболд, Ардын Уран Зохиолч Т.Галсан, ХХААХҮЯ-ны сайд Бурмаа, хатагтай Даариймаа, дархан аварга Г.Өсөхбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан нарт гардууллаа. Энэ мөчид Ардын уран зохиолч  Т.Галсан “Хар бараан бухимдлыг оюун ухааны сүүгээр сүлсэн гайхалтай ном бичжээ.  Би нэг зарлиг болгоё, одооноос Тэрбишдагва биш “Төр” Дагва хэмээн нэрлэ” хэмээн өгүүлж, зохиогчийн бүтээлийг үнэлж буйгаа олонд зарласан юм.

 

+ There are no comments

Add yours