Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд гурван үе шаттайгаар PBN агаарын замыг нэвтрүүлнэ. Тэгвэл өнөөдрөөс хоёр дахь шат нь хэрэгжиж Монгол Улс шинээр долоон агаарын зам нээв.
Тодруулбал олон улсын өнгөрөлтийн агаарын замуудад тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун 6, Улаанбаатар хотод хөөрөлт буултанд ашиглах нэг агаарын замыг өнөө өглөөний 08:00 цагаас ашиглаж эхлэв.
Шинэ замаар анх зорчих агаарын хөлөг нь Германы чартер B777 онгоц болж буй бөгөөд манай улс агаарын долоон зам нээснээр агаарын хөлгүүдийн туулах зам богиносч буй юм. Үүнээс гадна агаарын тээвэрлэгчид эдгээр агаарын замыг ашиглан нислэг үйлдсэнээр эдийн засгийн хувьд түлш болон хугацаа хэмнэхээс гадна нүүрсхүчлийн хийн ялгаралт багасч байгаль орчинд ээлтэй зэрэг олон талын ач холбогдолтой. Урьдчилсан байдлаар агаарын замуудыг ийнхүү шулуутгаснаар агаарын тээвэрлэгчид жилд 230 гаруй мянган км зам товчилж, дунджаар 1656 тн түлш хэмнэн, нүүрсхүчлийн хийн ялгаралт 5220 тн бага байх тооцоо гарсан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Долоон агаарын зам нээснээр хамгийн урт агаарын зам нь 1635 км болж буй бөгөөд хэтдээ хөндлөн чиглэлийн урт зам нээхээр ажиллаж буйг албаныхан дуулгав.
Тодруулбал PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын зам нь нислэгийн компаниудад илүү шулуун шугамаар нисэх боломж олгодог байна. Уг навигацийн тусламжтай нисч буй онгоц хиймэл дагуулаас байршлын мэдээллээ авч, зарим тохиолдолд холбогдох шаардлагагүй юм байна. Өөрөөр хэлбэл илүү өндөр нарийвчлалтай байршлаа тодорхойлон нисдэг учир газарт байрлах нэг цэгээс нөгөө цэг рүү нисэх шаардлагагүй юм.
Мөн Улаанбаатар хотод хөөрөлт, буулт үйлдэх чиг шулуун агаарын зам тогтоосноор Зүүн өмнөд Азийн хотууд болон БНХАУ-ын Хөх хот руу нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн нислэг төлөвлөлтийг хялбаршуулах юм байна.
Агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлж, аюулгүй ажиллагааг дээшлүүлдэг, эдийн засгийн үр ашигтай үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хэрэгжүүлэх нь Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ICAO/-ын тэргүүн зорилт бөгөөд гишүүн орнууддаа үүнийг хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Манай улсын хувьд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт үзүүлэлтэд тулгуурласан навигаци /PBN/-ийг 2020 он хүртэл бүрэн хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах тухай тусгасан байдаг.
+ There are no comments
Add yours