АЙМАГ АЛГАССАН АДУУНЫ ХУЛГАЙЧ

Хил, хэл, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян хэмээн нэрт сэтгүүлч З.Дорж агсан нэгэнтээ өгүүлж байлаа. Монголчууд хэдэн зууны тэртээгээс л малын хулгайн гэмт хэргийн жигшин зэвүүцэж тэмцэж ирсэн түүхтэй ч Монголд малын тэр дундаа адууны хулгай тасарч байсан түүхгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй биз.  Мал хулгайлах гэмт хэрэгтэй хийх тэмцлийг хүчтэй болгож, нийгмийн өмчийг хамгаалах нь нэр төрийн хэрэг байх нь аргагүй. Аймаг, хотыг бүсчлэн хууль хамгаалалтын байгууллагын ажилтнуудын семинар, цугларалт, өмч хамгаалалтын үзлэг, иргэний хамгаалалт, цагдан сэргийлэх хамтран хууль эрхийн хүмүүжлийн сургалтыг 7-10 хоногоор хийдэг байсан үе.

1976 оны өвөл Дорнод аймагт зүүн бүсийн Сүхбаатар, Хэнтий аймгийн сэргийлэхийн хэрэг бүртгэгчдийн семинар гурван хоног үргэлжилж, оролцсон аймаг бүр алдагдсан малын тоо, тамга тэмдэгээр нь мал хулгайлж дамжуулдаг  зам, гарц, борлуулдаг газар, мал хулгайлж дамжуулдаг газар, мал хулгайлдаг этгээдүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах төлөвлөгөө баталжээ. Энэ үеэр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдлийн адуучин 300 гаруй адуугаа алдаад олохгүй байгаа талаар мэдээлэл тавигдаж. Мөн Хэнтий аймгийн Батширээт сумын нэгдлийн адуучин Жавын маллаж байгаа адуунаас олон тоогоор дутаж, нөхөж төлсөн тухай ч бас мэдээлэл сонсогдсон байна. Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Мөнхдалай дээрх хэргүүдийг тэмдэглэж аваад сум, нэгдлийн удирдлагуудтай уулзахдаа мал сүргийн хамгаалалтыг сайжруулж, гэмт этгээдэд гишгих газар үлдээхгүй байхыг сэрэмжлүүлээд өнгөрч.

1976 оны өвөл Батширээт сумын нэгдэл олон толгой адуу заазлан нядалсаны дийлэнх нь нэгдлийн адуучин Жавын хариулж байсан сүрэг байв. Энэ асуудалд анхаарлаа хандуулсан хурандаа иргэдтэй уулзаж мэдээлэл цуглуулахад эхлээд анхаарал татах асуудал бага, иргэд ч тоохгүй янзтай байв. Гэтэл уг хэрэг хурандаа Т.Мөнхдалайгийн анхаарлыг улам татаад байдаг… Аргагүй л ясны сэргийлэгч хүний зан биз.

Хэдхэн сарын өмнө сууриар нь адуугаа алдсан адуучин Жав ширхэг ч морины асуудалгүй, нэгдэлдээ бүрэн төлчихсөн байдаг.  Түүгээр зогсохгүй адуучин Жавын хариулж байсан сүргийг нядалгаанд оруулж, унагатай ганц гүү үлдсэн нь анхаарал татаад байдаг… Асуудлыг судалж, нутгийнхантай уулзахаар анзаарч мэдсэн янз бага, адуучин Жаваас хойш нэгдлийн адуучин 2-3 удаа солигдсон, үлдсэн ганц унагатай гүү нь Сүхбаатар аймгийн Мөнххаан нэгдлийн адууны үлдэгдэл мөн бишийг мэдэх хүн байхгүй шигээ, тоож байгаа хүн бүр цөөхөн. Хамгийн гол нь энэ зүгт адууны хулгай гаараад байдаг… Олон хоног, сараар орхиж чадахгүй сурвалжилсаар сүргээс үлдсэн унагатай ганц гүү их нядалгаанаас үлдсэн нь яв цав тогтоогдсоноор Сүхбаатар аймгийн Сэргийлэхэд адуучнаа ирүүлэхийг хүссэн бичиг явуулав. Хэд хонож байтал эмээлээ үүрч, хөлсөө гоожуулсан адуучин өвгөн Сүхбаатар аймгийн Сэргийлэхийн  дарга, цагдаагийн дэд хурандаа Мантаагийн бичгийг өвөрлөсөн ирж, Хэнтий аймгийн Сэргийлэхийн даргын өрөөнд.

Тэр өдөр хэлтсийн ганц машин хүн амины хэрэг шалгахаар Төв, Дорноговь аймаг руу долоо хоногийн томилолттой таарсан учир эмээлээс өөр унаагүй явган адуучин мөрдөн байцаагчдаа машинаа өгсөн сэргийлэхийн дарга хоёр долоон хоног хүлээх болж. Адуучин хөгшин тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн алдсан адуугаа тамга, зүсээр нь зүсэлж, “хайран адуу минь” хэмээн харуусах. “Хамгийн содон хүрэн гүү маань унахад сайвар жороо, азарга маань номхоон, ижлээ сайн хураадаг, дэлнийх нь төгсгөлд эрхий дарам цагаан үстэй, тэрийг нь баргийн хүн анзаарч харахгүй” гэх мэтээр адуучин өвгөний яриа үргэлжилж, 300 толгой адуугаа нэгбүрчлэн зүсэлж, ааш аягийг нь ярих ч өөрийн муудаа маллаж чадахгүй алдсан хэмээн өөрийгөө буруутгаж, сул асгарах нулимсаа арчин арчин харамссаар болзсон долоо хоног өнгөрөв.

Ингээд нэгдлийн адууны сууриар хэрэг бүртгэгч С.Лувсанжамц, Г.Дугарсид нартай өвгөн адуучныг явуулж. Олон сууриар олон ч хоног явж, сүүлийн суурь адуунд дөхөж явтал өвгөн адуучин “миний халтар азарга тэр байна” хэмээн баярлан хашгирч, уйлан тэр бүү хэл явж байсан машинаас шууд буух гэж зүтгэлж, сандаргасан байна. Тэр бүү хэл бургасны захад байгаа адуу руу эргээрэй, манай хүрэн гүү харагдах шиг боллоо хэмээн дуу алдаж. 300 адуугаа алдсан адуучин хөрш аймгийн нэгдлийн адуунаас хоёрхоныг нь олсон атлаа бүгдийг нь олсон мэт баярлаж, мэгшиж уйлах нь тэр. Ингээд адууны эзнийг  сэргийлэхэд авчран байцаахад, “надад шилжиж ирсэн адуу” хэмээж. Цааш нь нягтлан шалгахад, гурван ч адуучин дамжсан, анхны эзэн нь адуучин Жаваас дамжуулсан байж таарч. Адууг хүлээлцсэн актанд бичигдсэн нас зүс, тамга, шүд, имээр нь тэмдэглэгдэж бичигдсэн хөдөлбөргүй баримт ч олдож.

Адуучин Жавыг байцаахад, сар болоод хэргээ хүлээсэн байна. Мөнххаан сумаас бөөн адуу хөөж, Хэрлэнгээр гаталж, Батширээс сумын нутагт хүрч, бургасанд хорьж байгаад нэгдлийн заазанд өгч нядлуулсан. Зарим адуу нь нутаг гүйх гээд байхаар нь борвийг нь боож байснаа хүртэл хүлээж, нийт 276 толгой адууг заазанд өгөөд жороо хүрэн гүү, хурдан шинжтэй азаргыг хайрлаад алуулж чадаагүйгээ хүлээж. Адуучин Жав, “надтай адуу хулгайлсан хүн нас барсан. Би ахлах малчин байсан” хэмээн хэргээ хүлээснээр ийнхүү томоохон малын хулгайн хэргийг сурвалжлан илрүүлсэн гавьяа бол Улсын Цагдан сэргийлэх  ерөнхий газрын орлогч дарга асан цагдаагийн хурандаа Т.Мөнхдалайнх байлаа. Ээдрээтэй олон хэргийг илрүүлэн шалгаж, учрыг нь олж, хужрыг нь тунгаасан эрхэм хурандаагийн хамгийн чухал чадвар нь өргөн олонтой өөрийгөө болон албаа холбож ажиллаж чаддаг, шударга, шулуун, ажлынхаа төлөө бие сэтгэлээ зориулсан жинхэнэ Монгол цагдаа хэмээн мөр зэрэгцэн алба хааж байсан олон нөхөд нь үнэлж байлаа.

 

+ There are no comments

Add yours