Монгол, Японы Стратегийн түншлэлийн хөтөлбөрт гарын үсэг зурав

 Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ өдөр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Дараа нь Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхсан юм.

Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Японы харилцаа бүхий л түвшинд амжилттай гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн болон соёл, хүмүүнлэгийн гэх мэт бусад салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх нь чухал болохыг онцоллоо.

Эдгээр уулзалтын дараа Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида нар үг хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Дөчин таван жилийн түүхтэй Монгол, Японы хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглүүштэй чухал үйл явдал өнөөдөр болж байна. Хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан энэхүү Дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх талаар Монгол Улсын төр, засаг онцгой анхаарал тавьж ажиллах болно” гэсэн бол ноён Ф.Кишида “Монгол, Японы хамтын ажиллагааны ойрын 5 жилийн зорилго, чиглэлийг тусгасан Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсандаа баяртай байна. Хоёр орон уламжлалт найрсаг харилцаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийг энэхүү баримт бичгээр дахин нотоллоо” гэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дараагийн 5 жилд улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, батлан хамгаалах, соёл боловсрол, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зарчим, зорилт энэхүү хөтөлбөрт багтсан.

Эдгээрээс юуны өмнө харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцаанд гол анхаарлаа хандуулах болно. Үүн дотроо хөдөө аж ахуй, байгалийн баялгийн ашиглалт, тухайлбал нүүрсний асар их нөөцийг Японы өндөр технологиор боловсруулж, олон улсын зах зээл дээр гаргах, Монголын залуусыг дэлхийн түвшний өндөр мэдлэг боловсролтой болгоход онцгой анхаарна гэж тусгалаа. Түүнчлэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр дээр тулгуурлан Монголоос хөдөө аж ахуйн болон малын гаралтай бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээл дээр гаргахыг чухалчилж байгаа юм гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

+ There are no comments

Add yours