Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Б.Обамагийн бодлогыг Д.Трамп хүчингүй болгов

Ерөнхийлөгч асан Барак Обамагийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийг дахин нягтлах тухай тусгай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт гарын үсэг зурлаа.

Дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлд саад болж буй байгаль орчны талаарх бүх журам болон бодлогыг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг нягталж үзэхийг Д.Трамп засгийн газрын холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Тухайлбал, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас ялгарч байгаа нүүрстөрөгчийн хэмжээг хязгаарлах тухай 2015 онд Б.Обамагийн гаргасан “Цэвэр эрчим хүч” төлөвлөгөөг эргэн нягтлах аж.

Мөн Б.Обамагийн засаг захиргааны үед төрийн мэдлийн газарт нүүрс олборлохыг хязгаарласныг Д.Трамп хүчингүй болгожээ.

Д.Трамп хэлэхдээ “засгийн газрын хэт оролцоог халж, ажлын байр бий болгоход саад болж байгаа журмуудыг хүчингүй болгох зорилгоор Америкийн эрчим хүчний салбарт тавьсан хязгаарлалт, хоригуудыг хүчингүй болгоход чиглэсэн түүхэн алхмуудыг би хийж байна” гэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргана гэж Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр мэдэгдэж байсан юм.

Үүнтэй холбогдуулан Цагаан ордны нөлөө бүхий албаны хүн өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “уг хэлэлцээрээс АНУ-ыг гаргах эсэх асуудлыг одоо авч хэлэлцэж байна” гэжээ.

АНУ бол хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд хоёрдугаарт ордог улс юм.

Д.Трампын сүүлд гаргасан зарлиг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн АНУ-ын хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийг цөөрүүлэх учраас Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтод хүрэхэд өмнөхөөс илүү их хүндрэл учрах төлөвтэй байна.

http://www.reuters.com/article/us-usa-trump-energy-idUSKBN16Z1L6

+ There are no comments

Add yours