Өмнөд Суданд хүмүүнлэгийн 6 ажилтан амиа алджээ

 Өлсгөлөнд нэрвэгдээд буй Өмнөд Судан улсад хүмүүнлэгийн зургаан ажилтан гэнэтийн халдлагад өртөн амь насаа алдсан тухай НҮБ мэдэгдлээ.

Амиа алдсан хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдээлснээр, бямба гарагт нийслэл Жубагаас зүүн зүгт орших Пибор хот руу явж байх үед нь тэдгээр ажилтнууд руу халджээ.

“Өмнөд Суданд болсон аймшигт аллагын тухай сонсоод би маш их цочирдлоо. Хүмүүнлэгийн тусламж онцгой хэрэгтэй байгаа эгзэгтэй үед туслахаар явж буй хүмүүс рүү дайрч амь насыг нь хохирооно гэдэг бол огт хүлээн зөвшөөрч болохгүй зүйл” гэж Өмнөд Судан дахь хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулагч Южен Овусу мэдэгдлээ.

2011 онд Суданаас салж, тусгаар улс болсон Өмнөд Суданд 2013 оны 12 дугаар сард иргэний дайн дэгдсэн юм. 7 дугаар сард сөргөлдөөн улам хурцдан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газруудыг сүйтгэснээс хойш хэдэн арван мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэн амиа алдаж, 3.5 сая хүн дүрвэжээ.

Мөргөлдөөн эхэлснээс хойш Өмнөд Суданд 79 хүмүүнлэгийн ажилтан амь насаа алдсанаас 12 нь энэ онд амь үрэгдсэн тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдээллээ.

+ There are no comments

Add yours