Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений мэндэлсний 212 жилийн ой ирэх сарын 02-нд тохионо.
Эл өдрийг олон улсад “Олон улсын Хүүхдийн номын баяр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэхүү баярыг Хүүхдийн Төв номын сан уншигч багачуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн номын баяр энэ сарын 30-нд Хүүхдийн Төв номын санд болно. Номын баярт уншигч хүүхэд багачууд, тэдний эцэг эх оролцох боломжтой юм.
Энэ үеэр Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын хүүхдийн сонгодог бүтээлийн дээж 300 номыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болохоос гадна Хүүхдийн зохиолчдын шинэ уран бүтээлийн мэндчилгээ, Хүүхэлдэйн жүжигчдийн тоглолт, хүүхэд багачуудын жүжигчилсэн тоглолт, урлагийн мэндчилгээг хүрэлцэн ирсэн уншигчдад толилуулах юм.
Нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МЗЭ-ийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн тэргүүн О.Сундуй, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн гүйцэтгэх захирал Н.Мандал, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Улаанбаатар Хотын төв номын сангийн захирал А.Эрдэнэбат болон уншигч багачуудын төлөөлөл, үе үеийн хүүхдийн зохиолчид оролцох аж.
+ There are no comments
Add yours