Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томьёоны комиссын ээлжит хурлаар хүнсний салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд хамтран “Хүнсний нэр томъёоны толь” бүтээснээ өнөөдөр танилцууллаа.
Нэр томъёоны толийг Хүнсний хууль эрх зүй болон хүнсний аюулгүй байдал зэрэг бүлэгт хуваан боловсруулсан байна.
Энэ толь бүтээх Ажлын хэсэгт ШУТИС-ийн хүнсний технологийн эрдэмтэн профессорууд, ХБҮЗ-ийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын төлөөлөл, ҮАБЗ, хүнсний чиглэлээр ажилладаг эрдэмтдийн төлөөлөл хамтран ажиллажээ.
Нийт 25 мянга гаруй үгийн сантай, 4000 гаруй хуудастай Монгол-Англи-Орос, Англи-Монгол-Орос, Орос-Монгол-Англи гэсэн ангилалтай монгол бичигт хөрвүүлсэн хүнсний нэр томъёоны тайлбар толийг хэвлэмэл болон онлайн хэлбэрээр цахим хуудаснаа олон нийт хэрэглэх боломжтойгоор хийж гүйцэтгэсэн байна.
Энэхүү толь хэвлэгдсэнээр хүнсний нэр томъёоны ойлголтыг цэгцлэх, нэгдсэн ойлголтод хүрсэн нэр томъёоллыг түгээн дэлгэрүүлэх, хүнсний нэр томъёог мэргэжлийн зүгээс тайлбарлахын зэрэгцээ тэрхүү үг хэллэгийг англи, орос хэлээр хэрхэн оноож хэлэх, танин мэдэхүйн хүрээг өргөтгөсөн онолын болон практик ач холбогдолтой хэмээн үзэж байна.
ХБҮЗ-ийн дэргэдэх Улсын нэр томъёоны комиссоор баталгаажин, ХБҮЗ-ийн хурлын тогтоол гарснаар энэхүү толь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөн нийтийн хүртээл болох ажээ.
+ There are no comments
Add yours