УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, энэхүү хуулийн төслийн гол шинэчлэл нь аливаа хэргийг хурдан, үр дүнтэй шийдвэрлэхэд оршиж байна. Өргөдөл, гомдлыг тав хоногт шийдвэрлэж, эзэн холбогдогч нь тодорхой байгаа хэрэг дээр шууд эрүүгийн хэрэг үүсгэн ял сонсгож мөрдөн байцаалтын ажил явуулах боломжтой болгосон гэдгийг онцлов.
Түүнчлэн хуучин хуулиар мөрдөн байцаалтын ажиллагаа хоёр сар үргэлжилдэг байсан бол шинэ хуулийн төсөлд мөрдөн байцаалтын албан ёсны хугацааг нэг сар болгож богиносгосныг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн бас нэг онцлог нь шүүхийн анхан шатны хэрэг шийдвэрлэх хуралдааныг хоёр үе шаттай байхаар тусгажээ. Шүүх хуралдааны эхний шатанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг буюу хэрэгт цугларсан нотлох баримтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, хэргийн оролцогчдыг бүрэн оролцуулах боломжоор хангах юм байна. Мөн хэрэг анхан шатны шүүхээс буцдаг тохиолдол цөөнгүй байдгийг арилгах үүднээс чирэгдэл багатайгаар хэргийг шийддэг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулах ажиллагааг нэг үе шаттайгаар явуулахаар зохицуулсан байна.
Прокурорын дэргэд мөрдөн байцаах алба шинээр байгуулахаар төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлэлцүүлгийн үеэр хэллээ. Тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газруудын үүсгэсэн хэргүүдийг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгах юм. Гэхдээ прокурорын албан тушаал, авлигатай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газар хариуцаж, бусад төрлийн ахуйн гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгана. Ингэснээр хууль хяналтын байгууллагууд харилцан бие биенээ хянаж, хүний эрхийн зөрчил гаргахгүй байх зохицуулалтыг ажлын албаныхан санал нэгтэйгээр хуулийн төсөлд оруулсан гэдгийг тэрбээр онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулсан юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцож, хуулийн төсөлд тусгах өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
+ There are no comments
Add yours