Түрээсийн дугуйны үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Дэлхийн томоохон хотууд өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байгааг Та бид мэднэ. Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхий олон хотын туршлагаар батлагдсаар байна.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “UBIKE” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг урьж байна.

Төсөлд оролцох аж ахуйн нэгж, байгууллагууд саналаа битүүмжилсэн байдлаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагт багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.

Саналд дараах баримт бичгүүдийг хавсаргасан байна:

-Дугуйн зогсоолуудын төлөвлөгөө /тоо хэмжээ, байршил, техникийн шийдэл/;

-Дугуйн чанар, техникийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл;

-Дугуйн түрээсийн төлбөрийн талаарх санал, төлбөр тооцооны системийн талаарх танилцуулга;

-Дугуйн засвар, үйлчилгээний талаарх танилцуулга;

-Дугуй түрээслэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаарх танилцуулга;

-Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаарх санал;

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгжийн товч танилцуулга /5 хуудсаас ихгүй/.

“UBIKE” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 321443, 70009699 дугаарын утсаар холбогдож авч болно.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

+ There are no comments

Add yours