Туувар…

Олон жилийн тэртээ жил бүрийн хавар, намрын улиралд тууврын мал авах комисс гэгчид аав маань явдаг байлаа. Бага байсан болохоор эхлээд анзаардаггүй байсан ч сүүлдээ аавыгаа дагаж хэд хэдэн удаа очоод сэтгэл маань ихэд хөндүүрлэснээ одоо ч мартдаггүй юм. Хэзээ хаана, хэрхэн алуулахаа мэдэхгүй таван хошуу малын туувар багаас сум, сумаас аймаг, аймгаас нийслэл зорих. Үхэр сүргийн хангитал мөөрөх, эхээсээ төөрсөн даага, сарвааны эхэр татах мэт янцгаах, ижлээ үгүйлэн унагалдах адуун сүрэг, ижил буруу хонь, ямаан сүрэг зүг чиггүй майлалаад л… хаачихаа мэдэхгүй нэгнийгээ даган хуйларч, хаа сайгүй тас нясхийн дуугарах шилбүүрийн дууны аясаар бөөгнөрөх нь цаанаа л өрөвдөлтэй харагддаг байсан нь сэтгэлд үлдэж.

Сайн мэдэхгүй юм. Гэхдээ жил бүрийн хавар намар болдог мал махны үеэр л малчид таван төгрөгний бараа хардаг байсан болохоор малаа ийнхүү тууварт өгдөг байсан байх. Өөрийн хүслээр биш эзний хүслээр ийнхүү тууварт явсан мал эргэж хэзээ ч ирэхгүй тэр л босгоор давдаг нь дундүү гунигтай… Энэ бүхнийг эргэн дурсах болсон шалтгаан нь өнөө цагт малын туувар зогссон ч “хүний туувар” дэлгэрсэнд байгаа юм. Зарим уншигчид маань гайхаж байгаа байх. Юун “хүний туувар” вэ гэж. Тэгвэл шууд ингээд нэрлэж болохгүй ч тойруу утгаараа ийм л замаар өөрийн эрхгүй алхах болоод 10 жил өнгөрлөө, монголын залуус маань. Аз жаргалтай Улаанбаатар нийслэлтэй, Монгол Улсын залуус алс оронд очиж амьдралаа сайжруулах алхам нь БНСУ-д боолын хөдөлмөр эрхлэх.

Амьдралын босгыг дөнгөж алхаж байгаа ёстой л шижигнэсэн сайхан залуус маань харийн орон руу өөрийн хүсэлтээр гэхээсээ илүү амьдрахын эрхээр жолоо залж буй шалтгаан нь дутуу, гуцуу амьдралаа дүүрэн болгох гэж, энэ бие, эрүүл мэндээ золиослон зүтгэх тэдгээр мянга, мянган залуус маань харийн нутагт нулимсаа дотогш залгин унтах нойроо хасан зүтгэж 20 жилийг үдсэн. Энэ туувар өнөө хэр үргэлжилсээр жилийн жилд тасрахгүй байсаар… Нас заагдан зүс, эрүүл мэндээр шигшигдэн идэр залуус маань харийн орон руу гэрээт ажилтан нэрийн доор бусдын харцан доор хэн хүний хийхгүй харын хар ажил хийхээр цалинд цаламдуулан ийнхүү зүтгэж байна. Бор хоногийг өнгөрүүлэх амьдралын төлөө гэхээсээ илүү ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө харийн нутагт хүслээ хязгаарлан зүтгэх энэ олон мянган монгол залуусыг хэн ийм болгов?

Энэ асуултын хариултыг хайх хэрэгүй. Учир нь хариулт нь хаа сайгүй, дэргэд минь хүртэл байгаа хойно. Шалбаагт хөл алдсан шоргоолж цагаан өвснөөс зуурч амь гардаг тухай Монгол ардын үлгэр байдаг. Тэгвэл энэ үлгэр өнөөдөр манай улсад маань биелэсэний гор эдгээр залуус юм. Төр нь самуурч, эрх баригчид нь иргэдийнхээ төлөө гэхээсээ илүү өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах болсон. Амиа хоохойлсон, арчаагүй бодлоготой, эрх баригчид нь баяжиж, иргэд нь ядуурсан энэ улсад маань жирийн иргэдэд хоногийн хоолоо залгуулахад улам хүнд болсноос амьдралын гэрэл гэгээ нь харийн нутагт гунигаа мартаж, нулимсаа залгин цагийн хувиаргүй шахам ажиллахыг сонгож буй нь энэ юм.

 2007 оны намар монголын 15 мянган залуу, зөвхөн солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явах гэж гурван хоногийн турш Төв цэнгэлдэхийн шороон дээр “хөлбөрч” байв. 100 хүрэхгүй метрийн цаана байгаа жорлонд ч ороод биеэ хөнгөрүүлж төвдөхгүй уртаас урт дараалалд шөнө өдрийг мартан жагссан тэдгээр залуус жаргалдаа ташуурсандаа тэгээгүй. Харин зүүд шиг хүнд амьдралаас гэр бүлээ салгах гэж, нэг л амьдрах энэ орчлонд дутаж гачигдаж зүдрэхгүй гэсэндээ ийнхүү өдөр шөнийг мартан дугаарласан. Хоногийн хоолоо хасан байж бүртгүүлэх 200 ам.долларыг гаргасан тэдгээр залуусын хувьд солонгост хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлэх. Тэгээд зогсохгүй ажиллах хүчээр сонгогдох нь юунаас ч чухал байсан учраас тэд ийнхүү зогссон юм.

 Түүнээс тэд зарим нэгэн томоохон албан тушаалтнууд шиг өөрийн идэх хоолыг бусдын аяганаас булаагаагүй. Мөн төрийн хөрөнгийг өөрийн юм шиг зарцуулж түмний амьдралыг шууд биш ч тойруу замаар хүндрүүлээгүй билээ. Харин одоо гурван сая монгол түмний багагүй хэсэг харийн нутагт, өмнөд солонгос, америк, япон, австрали, англи, чек, ветнам гэх мэтээр очиж болох, очоод ажил олдох бүхий л улс оронд ажиллаж, амьдарч байна. Тэдгээр жирийн монголчуудын дотор хүслээрээ, аялалаар явсан нь магадгүй гарын арван хуруунд л багтахаар байх вий. Учир нь тэдгээр хүмүүсийн дунд төрийн нэрээр хувьдаа завшигчид, түмний хөрөнгөөр өөрийн юм шиг туйлагчид байхгүй болохоор. Жинхэнэ амьдралыг хүсч, ядуу амьдралаа өөрчлөх гэсэн тэр л иргэд эх орноо, элгэн садангаа орхин хүний нутаг зорихоор ийн тэмүүлэв.

 Яг л 2007 оны намар шиг өдрүүд үргэлжилж Солонгос руу ажиллах хүчээр бүртгүүлэх гэсэн монгол залуус бүртгэлийн газруудад битүү дугаарлав. Гэр бүл болоод хоёрхон сар болж байгаа хосууд хөтлөлцөн ирээд бүртгүүлж байна. Дөнгөж төрсөн хүүхдээ өлгийдэж тэвэрсэн бүсгүй, “эмэгтэйчүүдийг сонгох нь удаан байдаг гэсэн. Хүү маань намайг сонгогдох гэсээр байтал бор хоолонд орчих байх аа” гэсээр ирээд бүртгүүлэв. Хамгийн гол нь Солонгос руу ажилд зуучлуулан бүртгүүлж буй монголчуудын нас эрс залуужсан нь өөрийн эрхгүй анхаарал татсан. Учир нь бүртгэлд хамрагдаж, хэлний түвшин тогтоох шалгалт өгч байгаа монгол залуусын дийлэнх нь 18-25 насныхан байсан. Маш цөөхөн 30-35 настангууд байсан нь хүн ам цөөтэй Монгол Улсын маань хувьд эмгэнэл болсон асуудал юм. Ажилгүй хүмүүс ихэслээ. Дундаж орлоготой өрхийн тоо цөөрч ядуу амьдралтай иргэдийн тоо эрс өссөн. Жилийн өмнө л статистик мэдээнд нэн ядуу хэмээн бичигддэг байсан бол энэ жил үгээгүй ядуу хэмээх нэр томьёо нэмэгдээд байгаа нь Монгол Улсад маань юу нүүрлээд байгааг ямар нэгэн гоёлгүйгээр шууд харуулж байна гэхэд сүржигнэсэн болохгүй биз.

Гэтэл энэ бүхнийг харахын цаагуур харж, мэдэхийн цаагуур мэдэж байгаа төр, эрх баригчид, ихийг амалж их хуралд суугсад юу хийж байна вэ. Яагаад тэртэй тэргүй цөөхөн хүн амынх нь дийлэнх нь болсон залуу үеийнхэн маань харийн нутаг руу хүнд хөдөлмөр эрхлэхээр мянга, мянгаараа явж байхад амаа хамхиад, гараа хумхиад суугаад байгаа юм. Яагаад идэр насын олон залуусыг харийн нутаг руу хүн ажил хийлгэхээр мянга мянгаар нь явуулчихаад, зөрүүлээд воган воганаар нь хятад, солонгосчуудыг эх орондоо байршуулж. Түүгээр зогсохгүй монголчууддаа харамлаад өгдөггүй цалингаа тэдэнд зориулаад байгаа юм бэ. Хэзээ монгол хүн өөрөө монгол нутагтаа энх тунх амьдардаг болох вэ. Хэзээ хөл толгойгүй туувар, харийн нутаг руу залуусаа экспортлодог асуудлыг зогсоох вэ, эрх баригчид аа…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours