Хамар уруул нь сэтэрхий, уушиг зүрх нь цоорхой, тархины усжилтай, хавантай хүүхэд төрөх нь “хэвийн төрөлт”-д хамрагдахдаа тулжээ. Олон хэлэхэд улиг нэг хэлэхэд галиг гэцгээдэг монголчууд. Тэгвэл улиг болохыг нь мэдсэн ч дахин дахин хэлэхгүй хөндөхгүй байхын аргагүй сэдэв, хэлэхгүй өнгөрөхийн аргагүй зүйл гэж бас байх. Үүний нэгийг нийслэлийн агаарын бохирдол юм. Өнгөрсөн зун төрсөн найз маань хүүхдээ төрүүлсэн юм. Найзыгаа жирэмсэн байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хүндэрсэн зүйлгүй болохоор төрөх үед нь олон зүйл санасангүй. Тэгээд ч түүнийг хийсвэрээр төрсөн болохлоор гэрийнхэн нь бүр ч сэтгэл амар байсан гэдэг. Гэтэл найз маань эсэн мэнд амаржсан ч хорвоо дээр төрөөд сар гаруйхан хоногийг өнгөрүүлж буй хүү нь эмнэлгийн “байнгын үйлчлүүлэгч” болж.
Учир нь дөнгөж төрсөн хүү нь төрөлхийн тархины даралттай. Тархи нь усжсан, зүрхний гажигтай байж магадгүй, уушиг нь ч цоорхой байх магадлал өндөр гээд л бараг л хүн болоход хэцүү аятай зүйлийг эмчлэгч эмч нь дуулгаж. Баяр хөөр инээд дагуулсан мэндэлсэн хөөрхий хүүгээ, мэнчийсэн хөх царайтай “амьтан” болчихоод арай л гэж амьсгалахыг сэхээн амьдруулах тасаг гэгчийн цонхоор харах ээжид нь ямар байх нь ойлгомжтой. Төрөөд удаагүй байж, түмэн зүйлийн өвчинд дарлагдсан төрүүлсэн үрийнхээ төлөө санаа зовсон найз маань бүлцийж улайсан нүдээ анилгүй олон өдөр шөнийг үдсэн. Эмнэлгийн цонхыг түшээд л өвчиндөө шаналан яраглах хөөрхий хүүгээ нүд салгахгүй ширтэн сул урсах нулимсаа ч арчих сөхөөгүй гөлрөх найзыгаа харах надад амаргүй байсан…
Хамгийн харамсалтай нь найзын маань удтал хүлээж төрүүлсэн хүүгийн нь өвчин ээжээс нь шалтгаалаагүй байсан нь. Хотын хэт бохирдсон агаар дөнгөж мэндэлсэн хүүгийн эрүүл мэндээс хулгайлж, үхэх сэхэхэд тулгаад байгаа нь дэндүү хүнд байсан. Эмчлэгч эмчийн, нийслэлийн агаарын бохидол ихэдсэнээс шинээр төрж байгаа хүүхдүүд төрөлхийн гажигтай төрж байгаа. Хамгийн гол нь агаарын бохирдлоос дутахгүй хөрсний, усны бохирдол, баталгаагүй хүнс эхийн урагт сөргөөр нөлөөлж байна. Боломжтой бол жирэмсэн хүмүүс хотоос гарч, хөдөөний цэнгэг агаарт байх нь зөв юм. Даанч манайд тэр боломж нь тааруухан, амьдралын боломжоосоо болж эхчүүд маш их ачаалалтай ажиллаж, төрөхөөс нэг сарын өмнө нь жирэмсэний амралтаа авч байгаа болохоор нярайд сөргөөр нөлөөлж байна гэсэн.
Эхийн хэвлийгээс хорвоод мэндлэх хүртлэх арван сар, төрөөд ч ялгаагүй хорт утаанд угаартаж, үл мэдэгдэх химийн олон төрлийн хортой бодист хордсон хөрс, агаараас болж гэм зэмгүйхэн зээ маань ийм хүнд шалгуурыг туулсан. Хэдийгээр дүүргийн сэхээний эмчийн тархи нь усжсан, зүрхний гажигтай, уушиг нь цоорхой хэмээн онош нь ташаарал байсан ч найзын маань хүү төрөлхийн тархины даралттай төрсөн нь үнэн байсан. Харин удаан хугацааны эмчилгээ, сайн эмч нарын буян, ээж, аавын асрамжид ээждээ буцаад ирсэн хүү өнөөдөр зургаан сартай мантайсан сайхан хүү болсон ч үе үехэн тархины даралт нь ихэсч хөндүүрлэдэг хэвээрээ л байгаа…
Энэ бүхнийг дурдах болсон нь сүүлийн үед дөнгөж төрж буй нялхсын дунд “төрөлхийн” хэмээн эмч нарт цоллогдох болсон зүй бус өвчлөл газар авснаас тэр билээ. Учир нь нийслэлийн агаарын бохирдол дээд цэгтээ хүрснээс, дээр нь хөрсний усны бохидол байх хэмжээнээсээ арав, зуу дахин их болж, хүнсний аюулгүй байдал бүрэн хэмжээгээрээ алдагдаад байгаагаас Монгол Улсын маань ирээдүй болсон үр хүүхдүүд минь төрөлхийн гажигтай төрж байна. Нийслэл хотод шинээр мэндэлж байгаа хүүхдүүдийн дийлэнхээс илүү хувь нь төрөлхийн гажигтай төрж байгаа тухай харамсалтай мэдээллийг холбогдох байгууллагаас өгөх болов.
Хамар, уруул нь сэтэрхий, тархины даралттай хүүхдийг төрөлхийн гажигтай хүнд өвчтэй хүүхэд хэмээн оношилж эмчилдэг байсан бол өнөөдөр эдгээр өвчтэй хүүхдүүд хэвийн үзэгдэл болсон гэнэ. Учир нь дээр дурдсанаас хүнд өвчтэй хүүхдүүд мэндлэх болж. Битүү хоншноготой хурга, тугал л төрж байсан тухай сонсч байсансан. Тэгвэл 2008 онд нийслэлд битүү хошноготой хүүхэд цөөнгүй мэндэлсэн байх юм. Хамгийн харамсалтай нь төрөлхийн ходоодгүй хүүхэд төрсөн тохиолдол ч цөөнгүй байгаагаас үзэхэд агаарын бохидол хөрс ус, хүнсний аюулгүй байдал манай улсад ямар хэмжээнд очоод байгааг тайлбарлалтгүй биз ээ.
Цэвэр усныхаа нөөц дээр байшин бариад бусдад зарсанаа бизнесийн ухаан хэмээн сайрхдаг. Агаарын бохидлоо багасгах гэж байна хэмээн гадаад дотоодоос баахан зээл тусламж аваад “төөрүүлж” орхиод малилзаж суудаг. Ярихдаа уургын морь шиг, хийхдээ хонины хээрээс ч хашин дарга нар, төр засгийн тэргүүд юу бодож юу хийдэг улс вэ. Үүнийг Монгол Улсынхаа ирээдүйг үл тоомсорлосон. Хатуухан хэлэхэд хайр найргүй буудсан хэрэг биш гэж үү. Идсэн ууснаа хазаарлаж, энэ улсынхаа төлөө ажил хийдэггүй юм гэхэд, ашигтай санаа гаргаж.
Гаднаас ирсэн тусламжийг нь өөртөө ашиглахаа азнаж, ирээдүй болсон үр хүүхдүүдээ ядаж цэвэр агаар, цэнгэг устай улсаа хүлээлгэн өгөхийг хүсэхгүй байгаа эрхтэн дархтангуудыг юу гэхэв. Гэмшил оройтож, гэр холддоггүй гэдэг. Тэгээд ч ирээдүй рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй тань руу их буугаар буудна гэдэг биз дээ. Эрхэм дарга нар болон энэ улсын тэргүүд та бүхнийг суудлын төлөө дайн хийж, идсэн ууснаа шингээх гэж янцаглаж байхад, хүслээрээ биш хөндлөнгийн гайгаар эрх нь хязгаарлагдсан үр хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэх боллоо. Энэ бага хэрэг гэж үү..?
Сэтгүүлч С.Саянаа
+ There are no comments
Add yours