Мөрөөдөлдөө итгэж худалдагдсан монгол охидоо яах вэ

…Миний нөхрийн гэр Сөүлээс таван цаг явж хүрдэг тосгонд байдаг байлаа. Тосгоныхон бараг бүгдээрээ танилууд. Хэнийд хэн гэдэг хүн хэзээ ирээд, хэдэн цаг болоод явсныг бүгд мэдэж байдаг. Тийм болохоор тэр үү, намайг очсоны маргааш л гэхэд намайг тосгон даяараа мэдэж байсан гэсэн. Харин манай хадмууд намайг монгол биш, япон гээд хэлсэн байсан болохоор тэд бүгдээрээ япон хэмээн ойлгодог байсан. Миний хувьд таних хүнгүй, хэл мэдэхгүй, танилцаад сар болж байгаа нөхрөөсөө өөр бараадах хүнгүй байсан болохоор эхэндээ хэцүү байсан. Гэхдээ ард, монголд үлдсэн гэрийнхэн маань намайг ажил хийж их мөнгө явуулна. Бүр нэг дүү маань намайг өөрийг нь татахыг хүлээж байгаа болохоор юу ч байсан тэвчинэ хэмээн бодож байсан. Харамсалтай нь сар, хагас жил, нэг жил өнгөрөхөд би тэдний үнэгүй зарц, тэгсэн мөртлөө гар дээрээ мянган вон ч бэлнээр авч үзээгүй байсан…

Эндээс л би энэ айлаас оргоё гэж бодоод сэмхэн бэлдэж эхэлсэн. Мэдээж энэ бүхэн маш их нууц, бүр заримдаа өөрөөсөө нуух хэмжээнд хийгдэж байсан болохоор их хэцүү байсан. Нэг удаа захаас хүнсний ногоо аваад буцаж байх замд монгол залуутай таарсан юм. Эхлээд би түүнийг хятад хүн юм болов уу гэж харж байсан ч нэг л сэтгэл хоргодоод юм өөрийн эрхгүй “Сайн байна уу” гээд мэндэлсэн. Харин тэр залууг монгол хэлээр маань эргүүлээд мэндлэхээр нь өөрийн эрхгүй л нулимс сул асгараад л… уйлж эхэлсэн.

Харин тэр залуу, энэ тосгон. Хүмүүс чи бид хоёрыг анзаарч мэднэ. Би дараагийн долоо хоногоос дахиад ирнэ. Тэр үеэр уулзахыг бодьёо. Харин одоо маш их завгүй явж байна. Бас би хараар амьдарч байгаа болохоор  хүмүүсийн нүдэнд өртөж болохгүй гэж хэлчихээд эргэн харалгүй яваад өгсөн. Долоо хоногийг хуруу даран хүлээсэн би огт танихгүй монгол залууг дагаад хаашаа ч хамаагүй явахаар шийдээд л… Тэр залуу хэлсэн өдрөө ирсэн ч намайг авч яваагүй. Харин нэг утасын дугаар, 15 мянган воны хамт өгөөд, “энэ дугаар руу холбогдоорой. Хүмүүст, яг чам шиг болсон хүүхнүүдэд тусалдаг газар” гэсэн. Долоо хоногийн дараа зах явах замдаа тэр утас руу залгаж ярьсан. Тэгээд л гурван хоногийн дараа Сөүлийн онгоцны буудал дээр  халаасандаа 1000 хүрэхгүй вонтой, сайн санаат хүмүүст гурван сая гаруй төгрөгний өртэй Монгол руу явах гээд зогсч байсан даа.

Амьд явбал алтан аяганаас ус уудаг гэдэг. Миний хувьд нутагтаа, гэр бүлдээ ирсэн. Энэ л алтан аяганаас уусан ус маань болох байх. Би одоо өрөө төлөөд бараг дуусч байгаа. Солонгост хоёр жил шахам тарчлахдаа ганц ч воны цалин аваагүй. Харин голоод байсан монголдоо ирээд сард 250 мянган төгрөгний цалин авсан. Би монгол захиралтай оёдлын үйлдвэрт ажиллаж байгаа. Надад солонгосоос ирэхэд маань тусалсан тэр хүмүүс, монголд ирээд хөлөө олоход маань бас тусалсан. Тиймээс бид тэр хүмүүст насан туршдаа өртэй явах болно… Энэхүү захидлын эзнийг Ц гэдэг. Тэрбээр солонгос хүнтэй зуучлалаар гэрлэсэн монгол бүсгүй.

Сүүлийн арваад жилд нэлээдгүй хүчээ авсан энэ байгууллагын хандлага ерөнхийдөө бизнес чиглэлтэй. Тэд монголын ядуу, ядуувтар айлын охидыг хөгшин солонгос эрчүүдэд эхнэр болгон өгөх ажлыг хариуцдаг. Мөнгөтэй болох, гадаадын иргэнтэй ханилах, сайхан амьдрах, гадаадад амьдрах гэсэн олон мянган монгол охид, бүсгүйчүүд уг байгууллагын гол гишүүд. Мөн гол хангамжууд. Ийн хэлэх болсон нь учиртай. Солонгос иргэнтэй гэрлэх хүсэлтэй монгол бүсгүйчүүдэд тэд, царайлаг, тун боломжийн залуугийн зураг үзүүлж гэрлэх саналыг тавьдаг. Түүгээр зогсохгүй уг залууг маш их мөнгөтэй хэмээн итгүүлж, эгээ л компанийн эзэн, захирал мэтээр ярьдаг. Гэтэл мөн чанартаа нөхөр болох хүн нь хөгшин, компанийн захирал биш ажилчин, хэн ч тоодоггүй тосгоны “хүнд гар” байх нь элбэг. Үүнийг мэдэхгүй монгол охид зуучлагчдын мэхэнд унаж, насан туршийн харууслыг өөрийн биеэр туулж байна. Миний мэдэхээр сүүлийн гурван жилд харьд худалдагдаж байгаа монгол бүсгүйчүүдийн талаар ихээхэн ярьж, бичих болсон. Ялангуяа монгол охид хамгийн ихээр худалдагдаж байгаа улсаар, солонгос, хятад толгой цохих болсон. Хэдийгээр хүн хэлэхээс нааш мэдэхгүй, цааш чичихээс нааш цоорохгүй гэдэг ч хэлсээр байхад зөрж явдаг хүмүүсийг яалтай. Гэхдээ яая гэхэв гээд тоохгүй орхиж бас болохгүй.

Дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлын нэг нь хүний наймаа. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хүрээгээ тэлэх болсон. Энд маргах хүн гарахгүй шиг энэ төрлийн гэмт хэргийн гаралт дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад харьцангуй бага гардаг гэх юм билээ. Гэхдээ сүүлийн үед зуучлуулж танилцах, сонин хэвлэлийн зард хууртан хүний наймааны хохирогч болох явдал цөөнгүй байгааг албаны эх сурвалж өгүүлдэг. Тухайлбал, 1999-2005 онд энэ төрлийн гэмт хэрэг 24 бүртгэгдсэн байгаа. Эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэснийг үзвэл, Эрүүгийн хэрэг үүсгэхээс 22 хувь нь татгалзжээ. Мөн хэрэгсэхгүй болгосон нь зургаан хувийг эзэлж байгаа бол түдгэлзүүлсэн нь хоёр хувийг эзэлсэн. Харин 11 хувийг нь шүүхээр шийдвэрлэсэн байх юм. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоны 58.3 хувь нь эрэгтэй, 41.7 хувь нь эмэгтэйчүүд байсныг судалгаагаар тогтоосон байна. Боловсролын хувьд бүрэн дунд боловсролтой иргэд дийлэнх хувийг буюу 45.8, дээд, дунд боловсролтой хүмүүс 20.8 хувийг эзэлжээ. Улсын мөрдөн байцаах газарт 2005 онд хүн худалдах, худалдан авах гэмт хэрэгт гурав, 2006 онд зургаа болж өсчээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар есөн хэрэг бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаагийн жишээ гэсэн. Үүнээс зургаан хэргийг прокурорт, үлдсэн гурван хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа аж. Эдгээр тохиолдлуудын дийлэнхийг хятадад, гурвыг нь макаод худалдсан бөгөөд нэг хэрэгт гурваас дөрвөн хүнд холбогдсон байдаг юм байна.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

/2008 он архив/

+ There are no comments

Add yours