Бэрдийн сэтгэлд далай харам гэж монголын эртний хэлц үг байдаг. Мах, ногооны худалдагчид жин дээр илүү “ажилладаг”-ийг зүйрлэвээс яг л бэрд лугаа санагдах… Өнгөрсөн өдөр Баянзүрх худалдааны төвөөс худалдаж авсан мах мөнгийг нь төлж авсанаас гэртээ очих хооронд багасчихсан байв. Харин төмс, ногооны тан хагас нь илжирсэн хогоор “сэлбэгдэж” орхисон байх юм. Худалдан авагчийнхаа хувьд эгч шигээ насны эмэгтэйд итгээд л сонгож авсан тортойгоо лангууны ард байрлах жинлүүрээс авч өгөхөөр нь дахин шалгаж үзэлгүй явсан миний буруу болов. Яг үнэндээ хүнд итгэсэн миний алдаа аж.
Бас л арай, арай юу. Худалдагчтай уулзав. Үнэнийг хэлэхэд дэндүү бухимдсан учир түгжрэлийг туулан барин худалдагчтай уулзсан хэрэг. Гэвч “би яаж мэддэг юм. махаа авахдаа сайн жигнэж авахгүй яасан юм. Эсвэл гэртээ талыг нь орхичихоод ирсэн ч юм бил үү би яаж мэдэх юм” хэмээн хэгжүүрхэн бас “хөөрхөн” доромжлоод авав. Харин энэ үед бидний дэргэд ирсэн тус худалдааны төвийн заалны үйлчлэгч эмэгтэй, Та нар үргэлж л ийм зүйл хийдэг биз дээ. Монголчууд эртнээс улаан махны хэрүүл хэмээн цэрвэдэг болохоор энэ талыг нь ашигласан та нар ингэж даварч байгаа юм хэмээсэн. Харин санамсаргүй байдлаар улаан нүүрэндээ хамаг үнэнээ хэлүүлсэн махны худалдагч, дутаад байгаа махаа аваад дуугүй холдож үз. Ард маань арав хорин ам хүлээж байдаг болохоор ингэж зогсож байна хэмээн гоморхож байх юм.
Ийм зүйлтэй хаа сайгүй таардаг болж. Бараг дасал болчихсон ч гэж хэлж болохоор. Хотын гудамжаар дүүрэн худалдааны төвүүд байдаг. Хяа залгаж, хаа сайгүй байрласан эдгээр худалдааны төвүүдэд Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хэмжилзүйн төвтэй хамтран шалгалт байнга хийдэг юм байна. Нэг удаагийн шалгалтаар илрүүлсэн зөрчлийн 84.7 хувийг улсын баталгаат хугацаа дууссан, лац ломбогүй, жин болон хөнгөрүүлсэн туухай ашигласан зөрчил эзэлдэг гэнэ. Хөнгөрүүлсэн жин, туухай ашиглах, лац ломбыг ховхлох зэрэг нь ихэвчлэн мах, ногооны тасгаас илэрдаг. Дээрх зөрчлийн улмаас худалдан авагчийг нэг удаагийн хэмжилтээр 20-150 граммаар дутааж хохироож байсныг тогтоосон байна.
Харахад бага ч нэмэгдээд, үржигдээд ирэхэд энэ тоо их зүйлийг хэлээд өгнө. Махны худалдаачин өдөрт доод тал нь 10-15 гулууз махыг жижиглэн борлуулдаг байх юм. Тэгэхээр амиа л аргацааж, өдрөө л болгож байна хэмээн нэгэн дуугаар өгүүлэх махны жижиглэнгийн худалдаачид нарийндаа бол бөөнөөр худалдаалдаг наймаачдаасаа ч их орлоготой байдаг аж. Учир нь жин, туухайн дээр “ажиллаж” худалдан авагчдыг шулах нь тэдний мэргэшил болтлоо хөгжсөн болохоор тэр шүү дээ. Өрөвдөх хэрэггүй юм байна, өр лүү өшиглөгсөдийг…
Сэтгүүлч С.Баяр
+ There are no comments
Add yours