Хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар” нь хамтран “Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийг 2016 – 2017 онд хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт КАП төрлийн буюу (KAP-knowledge, attitude, practice) мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд 2016 оны 08 сарын 15-наас 2017 оны 12 сарын 15-ныг хүртэл 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Энэхүү судалгааны зорилго нь Хүүхэд, эцэг эх/асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголт, хандлага, хэрэглээг тодорхойлох зорилготой юм. Судалгаанд оролцогчдын хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголт, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн тодорхойлж, хамгаалж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх нь чухал ач холбогдолтой юм. Манай улсын хувьд хүүхдийн оролцооны эрхийн талаар хүүхдүүдийн мэдлэг ойлголтыг судалсан судалгаа Японы Хүүхдийг ивээх сангийн захиалгаар Хараат бус судалгааны хүрээлэн хийсэнийг (2013 он) эс тооцвол хүүхдүүд өөрсдөө болон насанд хүрэгчдийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг судалсан цогц судалгаа хийгээгүй байна. Тиймээс хүүхэд, эцэг эх/асран хамгаалагчид болон анхан шатны нэгж дээрх хүүхэд хамгааллын багийн гишүүдийн хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээ манай орны хувьд ямар түвшинд байгааг тодорхойлж, судалгааны баримт, үр дүнг хүүхдийн эрхийн асуудлаар үүрэг хүлээгч байгууллага, хамт олон, судлаач, мэргэжилтнүүд болон иргэд олон нийтэд хүргэж, хүүхдэд ээлтэй бодлого, эрх зүй, орон нутгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх нь манай судалгааны үндэслэл болсон билээ.

Судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүрэг, хөдөө орон нутгийн 8 аймгийн 12-18 насны нийт 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх/асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7,159 хамрагдсан байна.

Тус судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүд, хүүхдийн 4 бүлэг эрхэд ямар эрхүүд ордог талаар мэдлэг бага байсан ба амьд явах, эсэн мэнд амьдрах, сурах, хоол унд орон байраар хангагдах, хамгаалуулах гэсэн ерөнхий эрхээр өөрийн эрхийг хязгаарлан ойлгох нь нийтлэг /70-80%/ нь байна.

2. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ?

Судалгаанд хамрагдсан

• 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд

• 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд

• 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд

• 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд

• 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл бидний санааг зовоосон тулгамдсан асуудал хэвээр байгааг харуулж байна.

3. Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна вэ?

Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн үзэж байгаагаар гэр бүлийн орчинд (84.7%), сургуулийн орчинд (50.7%), гудамж, нийтийн эзэмшлийн орчинд (44.7%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг бол, Хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчинд 15.6%, сургуулийн орчинд (36.2%), гудамж талбайд (53.8%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж хариулсан байна.

4. Хүүхдүүд айдастай байна.

Асуулгад хамрагдсан 2 хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орчноо аюулгүй хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3% нь сургуулийн орчинд (багш, сургуулийн атаман, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш), 45.3% нь гэр бүлийн орчинд (өөрийн төрсөн болон хойд эцэг эхээс, ах эгч, хамаатан садан) 16.4% нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газарт, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэжээ.

5. Хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэлт хангалтгүй байна.

Судалгаанд хамрагдсан 2 оролцогч тутмын 1 нь хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг мэдээлэхгүй байгаа гол шалтгаан бол хаана, хэнд, хэрхэн хандахаа мэддэггүйтэй холбоотой гэж тус тус хариулсан байна.

MONTSAME

+ There are no comments

Add yours