Цэнэглэгдсэн минад торлогдсон Монгол Улс

Үхэлд ч хүргэх аймшиг бидний хөлд тээглэх болсны илрэл, хаа сайгүй хөглөрөх болсон цэнэглэгдсэн байлдааны сумнууд байсан.Төмрийн хаягдлын цэгт ачигчаар ажиллаж байсан 15 настай хүү цэнэгтэй хаягдсан их бууны сум гэнэт дэлбэрсэний улмаас гараа тасдуулсан эмгэнэлтэй хэрэг гарч байв. Учир нь тус хэргийн дуулиан тасраагүй байхад гэрийнхээ гадна байшингийнхаа цонхны доор ахынхаа хүүхэдтэй газар ухаж граж барьж байна хэмээн элсээр тоглосон наймхан настай хүү олон жилийн өмнө хаягдаж мартагдсан их бууны сумны дэлбэрэлтэд өртөж хараагаа үүрд алдсан юм. Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд гарсан уг хэргийн хохирогч нь нялх хүүхэд байхад харуцагч нь Хэн байв?

Хариуцагч нь цэнэглээд мартагдсан байлдааны сумнууд… олон хүнтэй суурьшлын бүсд, айлын хашаанд бариад удаагүй байшингийн цонхны дороос “гэнэт” л гараад ирэх, хаягдсан төмрийн хог дотор, айлын өрх, гэрийн даруулга болон дүүжилсэн байх нь хэвийн үзэгдэл төдийгүй их бууны цэнэглэсэн сумаар нарны антены даруулсан айл ч тааралдаж байсныг мартах учиргүй юм. Ухсан нүх, хаягдсан төмрийн хаягдлаас их багаар илрэх болсон цэнэгтэй, цэнэггүй байлдааны сумуудын тухай мэдээллийг айж цочирдож сонсдог байсан иргэд үүлдээ байдаг л зүйл болж байгаа мэт хүлээн авдаг болсон нь эмгэнэл. Үхэлд, аймшигт, насаараа эрэмдэг болгох аюулд дасах нь байж болох зүйл болохоор.

Тийм ч учраас иргэд маань хээрээс олсон болон гэрийн хаяанд хэвтэх, газар ухахад л гараад ирдэг болсон цэнэгтэй цэнэггүй сумнуудтай болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэгэхгүй бол гай газар дороос гахай модон дотроос гэдэг шиг гар хөлөө таслах, нүдээ сохлох, бүх амиа алдаж ч мэдэх аймшиг тэрхүү сул хэвтэх сумнуудад байгаа гэдгийг мартаж болохгүй юм. Нийслэлээс болон орон нутгаас олдсон сум, галт зэвсэгнүүд  монголчуудыг айлгасан галт зэвсэгний олдворын буухиа 2008 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэлжээ. Эл өдөр нийслэлийн Налайх дүүргийн V хороонд байрлах Голомт цогцолборын ойролцоо МИГ-21 загварын сөнөөгч онгоцны байлдааны зургаан ширхэг сум олдсон билээ. Тэдгээр сумыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн сургалтын талбайд аваачиж усгасан талаар тухайн үед хэвлэлүүдээд цацагдсан.

Үүний дараа нь тавдугаар сарын 15-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хороо Оргил хотхоны II байранд оршин суудаг хятадууд их бууны сум гэртээ хадгалж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлсэн. Хятадуудын хадгалж байсан сумнууд нь 1970-1980 онд үйлдвэрлэсэн, байлдааны зориулалттай их бууны цэнэгтэй хошуу, хоосон хонгионуудын хамт байсан юм.

Гэтэл есхөн хоногийн дараа нийслэлийн Чингэлтэй дүүргийн XVIII хорооны нутагт гудамжнаас, тодруулбал, айлын хашаа, амбаарын завсраас олон тооны сум олдсон. Хар өнгийн цүнхэнд 7.62 мм-ийн сум тав, ТТ гар бууны сум долоо, ПМ гар бууны сум хоёр, дохионы пуужингийн сум гурав, сургалтын сум нэг ширхэг байсныг цагдаагийнхан илрүүлсэн. Уг хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байлаа. Хаягдал төмөр авдаг цэгт хийсэн шалгалтаар 100 мм-ийн их бууны цэнэгтэй сум олдсон нь зургадугаар сарын 13-нд байв. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, цэргийн штаб, цагдаагийн хэлтсээс хамтарсан уг шалгалтаар тус дүүргийн V хороо, Дамбадаржаагийн эцэмт байрлах хаягдал төмөр худалдан авдаг цэгээс 100 мм-ийн их бууны цэнэгтэй сум хоёр, XII хороо, 32 дугаар тойргийн автобусны буудлын дэргэдэх хаягдал төмөр худалдан авах цэгээс РПГ гранатын цэнэгтэй хошуу найман ширхэгийг илрүүлсэн. Хамтарсан ажлын хэсгийнхэн шалгалтаар илэрсэн галт зэвсгүүдийг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгсөн талаар тухайн үед хэвлэлээр цацагдаж байсан билээ.

Тэгвэл энэ өдөр ЗХЖШ-ын Тусгай үүрэг, удирдлага, зохицуулалтын хэлтсийн ажлын хэсэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутгаас 61 мина илрүүлэн устгасан байна. Түүнчлэн нутгийн айлуудад хадгалагдаж байсан 1930 онд үйлдвэрлэгдсэн байлдааны зориулалттай 152 мм-ийн бууны цэнэгтэй сум, 45 мм-ийн миномётын 52 ширхэг сумыг илрүүлэн устгаж аюулгүй болгосон байдаг.

Үүнээс долоохон хоногийн дараа Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн нутаг Эрхэтэд байрлаж байсан орос цэргийн ангийн агуулахын сууринаас их бууны сум нэг, их бууны сумны хошуу хоёр, тэсрүүлэгч гурвыг илрүүлж ЗХЖШ-ын хайгуул, устгалын бүлэг, ЗХ-ний 330 дугаар ангийн тусгай үүрэг гүйцэтгэх бүлэгтэй хамтран аюулгүйжүүлж, устгасан юм.

Энэ хэргээс хойш хоёр сарын турш чимээгүй байсан цэнэгтэй сумны “олдвор”-ууд наймдугаар сарын 31-нд гэнэт “сэрсэн” гэхэд болно. Дорноговь аймгийн төвийн II сургуулийн цэвэрлэгч хогийн саван дахь хогоо шатаатал сум дэлбэрсэн.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 56 ширхэг калибрын сум авч гарахыг завдсан орос иргэнийг хилийн ажилтнууд илрүүлсэн юм. Түүнчлэн Дорнод аймгийн нутагт оршдог “Ульхан” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Х.Болдбаатар калибрын зургаан хайрцаг сум буюу 300 ширхэг сумыг биеээ нуун авч орох гээд баригдсан юм. 2008 оны есдүгээр сарын 10. Говьсүмбэр аймагт байрлаж асан орос цэргийн полигон, хээрийн сургууль хийдэг байсан газраас их хэмжээний мини, их бууны сум, галт хэрэгсэл, онгоцны бөмбөг илэрсэн тухайн үед хэвлэлээр цацагдсан билээ.

Нийтдээ 700 орчим тэсэрч дэлбэрэх зүйлс илэрсэн талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдэгдэж байсан бөгөөд ЗХЖШ-ын устгалын бүлэгтэй хамтран аюулгүйжүүлж, устгасан. Тав хоногийн дараа есдүгээр сарын 16-нд Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийнхэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн XII хороо, Зав гүүрийн автобаазын хойн сэжиг бүхий машиныг зогсоон шалгаснаар их хэмжээний сумыг илрүүлсэн юм. Энэ нь Нарантуул зах дээр буу сумны хууль бус наймаа эрхэлдэг эр, эм хоёр байсан бөгөөд тэдний унаж явсан машинаас гар буу гурав, винтов нэг, хийн гар буу хоёр, ПМ, АКМ, винтовын сум их хэмжээгээр гарсан. Уг хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Есдүгээр сарын 22-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хашаанд байрладаг зэвсгийн агуулахын дэргэд, газар доор байрлах 60 тоннын багтаамжтай усны савнаас 23, 45 мм-ийн их бууны зенит, танкны бөмбөг олдсон. Үүний дагуу тусгай бүлгийн ажилтнууд хэргийн газар шалгалт хийснээр оросын цэргийн ангийн байрлаж байсан газраас онгоцны тэсрэх бөмбөг, удирдлагагүй жижиг пуужингууд, танкны сумнууд гарч ирсэн байдаг. Мөн 50, 100 килограммын жинтэй их бууны сумнууд гарч ирснийг тус ангийн устгалын бүлэг аюулгүйжүүлж устгасан гэдэг.

Наймхан хоногийн дараа нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Шархадны автобусны эцэс дэх задгайд тоглож байсан хүүхдүүд миномётын гурван ширхэг мина олсон. Азаар хүүхдүүд тэдгээр минийг олсон даруйдаа дуудлага дуудсанаар ЗХЖШ-ын устгалын бүлэг устгасан байна. Нийслэлийн Гаалийн газрын ажилтнууд АНУ-аас ирсэн чингэлэгийг шалгахад Сүхээ гэдэг хүний нэр дээр их хэмжээний ангийн болон спортын зориулалтын сумнууд ирснийг илрүүлсэн. Энэ нь нийтдээ 67500 ширхэг сум байсан бөгөөд АНУ-ын гаалийн газрын бүрдүүлэлт нь хадаас хэмээн тэмдэглэгдсэн байсан тухай эх сурвалж мэдэгдэж байсан юм. Чингэлээр ачуулсан машины суудлын доогуур овор багатай хайрцагт хийж, сул орхисон тэдгээр сумнуудын ихэнх нь АКМ буунд хэрэглэгддэг 7.62-ийн сумнууд байв.

Аравдугаар сарын 24-нд ТЕГ болон ГЕГ-ын байцаагчдын хамтарсан шалгалтаар АНУ-аас ирсэн чингэлгээс иргэн С-ийн нэр дээр ирсэн ачаанаас винтовын 4600, калибрийн 400 сум гарсан юм.

Үүнээс гурван хоногийн дараа Дархан-Уул аймгийн “Боржин-Хүй мандал” ХХК-ийн хашаанаас 125 мм-ийн гурав, 115 мм-ийн найман ширхэг сум олдсон байна. Эдгээр сумдыг аймгийн ОБХ, тагнуул, Цагдаагийн хэлтэс, МХГ-аас гарсан хамтарсан ажлын хэсгийнхэн Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт хүргэж өгсөн байна.

Дорноговь аймгийн Өргөн сумаас 48 километрийн зайд оршдог Сүмбэрийн овоо гэдэг газар аравдугаар сарын 28-нд 30 орчим танк эсэргүүцэгч мина байхыг олсон байна. Эдгээр минийг Гольдон Си ХХК-ийн ажилчид олсон бөгөөд тэд газрын гүн рүү өрөмдлөг хийж байсан аж. Уг хэргийн газар Зүүнбаянгийн Цэргийн анги буюу ЗХ-ний 336 дугаар ангийн устгалын бүлэг очиж дахин хайгуул хийснээр 100 гаруй танк эсэргүүцэгч минийг нэмж илрүүлсэн байна.

/2008 он/

 

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours