Уул уурхайн нөлөөллөөс болж Тост, Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюулд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байгаа юм.
Тухайн газарт уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан дайжих нь ихэссэн байна. Мөн хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногт зэрлэг ан амьтан, мал унадаг, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багасчээ.
Үүнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.
Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг заагийг тогтоохоор санал болгосон газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрынхан танилцуулав.
+ There are no comments
Add yours