Ардчилсан нам хууль зөрчөөгүй гэв

Улсын дээд шүүх АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлахаас татгалзсаныг эсэргүүцэж тус намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийв.

Улсын дээд шүүх АН-ын шинэчлэлийг эсэргүүцэж байсан хүмүүсийн тавьж байсан асуудлыг намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлахаас татгалзсан үндэслэл болгосон байна хэмээн С.Эрдэнэ дарга онцлов.

Тэрбээр, “Намын долдугаар их хурлаар үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үед хэсэг бүлэг хүмүүс “Дүрмийн өөрчлөлтийг намын бүх гишүүдээр хэлэлцүүлээгүй” гэсэн асуудал тавьж байсан. Энэ бол намын дотоод асуудал. Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн зүйл бүрийг энэ оны хоёрдугаар сарын 02-07-нд бүх аймаг, дүүрэг дээрх намын хороодоор дамжуулан гишүүдээрээ хэлэлцүүлсэн. Ингээд олонхын дэмжлэг авсан саналуудыг нэгтгээд долдугаар их хурлаар баталсан юм. Тиймээс АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй. Бид дүрмийн нэмэлт өөрчлөлтөө бүртгүүлэх хүсэлтийг дахин хүргүүлсэн. Дээд шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна.

АН-ын шинэчлэлийн хоёр дахь том үйл ажиллагаа болох анхан, дунд шатны намын хороодын удирдлагыг сонгох сонгуулийн бүртгэл явагдаж байгаа. Дүрмийг Улсын дээд шүүх бүртгээгүй байхад сонгуулийн үйл ажиллагаа эхлүүллээ гэсэн асуудал гарч байна. Улсын дээд шүүх нэмэлт, өөрчлөлтийг батлахгүй бол сонгуулийн явцад хоёр л нэмэлт ажил гарч ирнэ. Нэгдүгээрт Үндэсний бодлогын зөвлөл гэсэн нэрийг хуучнаар нь солих буюу Үндэсний зөвлөлдөх хороо болгон өөрчилнө. Түүнчлэн бүх гишүүдийн саналаар сонгосон намын хорооны даргыг анхан, дунд шатны хороодоор хэлэлцүүлж батлуулах юм.

Сонгуультай холбоотой дэнчин болон түүнийг байршуулах хугацаа хуучин дүрмээр явж байгаа. Үндсэндээ бол намын дүрэмд татвар, дэнчин, хураамж гэсэн гурван ойлголт бий. Дэнчин гэдэг бол сонгуульд оролцохын өмнө тодорхой дансанд байршуулах мөнгө. Сонгуульд ялалт байгуулсан бол дэнчинг татвар болгон намд авна. Ялалт байгуулж чадахгүй бол нэр дэвшигч мөнгөө эргүүлэн авах юм. Хураамж гэдэг бол сонгуулийн үйл ажиллагааны зардал. Татвар бол бүх гишүүний төлөх ёстой мөнгө юм” гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Дэнчингийн хэмжээг хэрхэн тогтоосон бэ?

-2000 онд АН жирийн гишүүдийнхээ татварыг жилийн 1200 төгрөгөөр тогтоосон. Өнөөдөр ч өөрчлөгдөөгүй байгаа. Мөн тухайн үед ҮЗХ-ны гишүүний дэнчин 1 сая төгрөг байсан. Үүнийг 3 сая төгрөг болгосон. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч 90 сая, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшигч 20 сая, аймгийн намын даргад өрсөлдөх бол 15 сая төгрөгийн дэнчинтэй.

-Дэнчингийн мөнгийн хэт өндөр тогтоох нь намын ирээдүй болсон залуучуудын өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна гэсэн шүүмжлэл гарсан?

-Улсын хэмжээнд анхан болон дунд шатны 17 мянга 800 суудал дээр сонгууль болно. АН-ын ҮЗХ нийт 380 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс 76 суудлыг эмэгтэйчүүдэд өгөх квоттой. Үүний төлөө 110 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Мөн 39 хүртэлх насны залуусын 76 суудалд 120 гаруй хүн нэр дэвшсэн. Чөлөөт 228 суудал дээр 469 нэр дэвшигч бүртгүүлээд байна. Энэ тооноос сонгуулийн бүртгэл амжилттай явааг харж болно.

+ There are no comments

Add yours