Хүний амьдрал эрээн бараан. Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж цэцэг цэврүү шиг насаа үдсэн жаахан охин харийн нутагт бэр болон очоод таван жилийг үдэж. Бид удаан хугацаанд чатны найзууд байсан юм. Тэр надад чи сэтгүүлч байхаа, ярих зүйл байна. Магадгүй хүмүүст сургамж ч болох юм билүү хэмээснээр бид анх удаа нүүр тулан уулзав. Намхандуу нуруутай, гунигтай харцтай энэ бүсгүйн Монголд хоргодох цор ганц шалтгаан болсон ижий нь бурханы оронд буцаад удаагүй билээ.
-Ижийтэйгээ уулзаж чадсан уу. Хэзээ буцах гэж байна?
-Амжиж уулзсан. Ажил явдал нь дууслаа. Хоосон зүрхээ аваад маргааш буцна. Харин удаа жил бугшсан хорсол, үзэн ядалтаа Монголд үлдээх гээд чамтай уулзая гэсэн юм…
-Сайн ойлгосонгүй?
-Чи сэтгүүлч биз дээ. Тэгээд л тэр…
-Миний мэргэжил бас ажил… яагаад?
-Би бүдүүлэг бас чамд ойлгомжгүй байгаа бол уучлаарай. Гэхдээ чи жаахан тэвчвэл намайг ойлгоно оо. Чи тэвчиж чадах уу?
-Үнэндээ харааж зүхээд байхгүй бол… бусдыг тэвчиж болно байх аа?
-Чамайг яалаа гэж хараах вэ дээ. Хүчирхийлэл дунд өнгөрүүлсэн хүүхэд нас минь надад найз нөхөд үлдээсэнгүй. Хамгийн удаан найзалж буй монгол бүсгүй бол чи… анх удаа харж байгаа ч багагүй хугацаанд чаталж найзалсан болохоор чи надад дотно бас сэтгүүлч болохоор миний амьдрал зарим хүмүүст сургамж болох болов уу гээд чамтай уулзаж байгаа юм, ойлгоорой. Миний ярианаас авахыг нь аваад, хаяхыг нь хаяж болно оо. Хамгийн гол нь заавал нийтлээрэй.
-Ямартай ч ярилцья, хоёулаа. Бусад нь аяндаа болох байх?
-Тэгье. Чи мэднэ. Би солонгос нөхөртэйг. 50 гарсан нөхрийг маань Со Жин Ху гэдэг. Харийн, хөгшин эрийг насан туршийнхаа амьдралын ханиар сонгох, амаргүй байсан ч төрсөн гэртээ түүнээс дор доромжлол амсч байсан болохоор тийм ч хэцүү байгаагүй ээ. Манай хадам ээж 90 гарсан хөгшин байдаг. Хааяа тэрүүнтэй л ойлголцохгүй зүйл гарна уу гэхээс, байхаасаа байхгүй нь их нөхөртэйгээ бол нэг их асуудал байхгүй ээ. Ингэхэд хүн өөрөө л хэцүү амьдралыг бий болгодог юм шиг надад санагддаг. Санагддаг ч гэж дээ, ер нь би үүнд итгэлтэй байдаг шүү.
-Тийм гэж үү?
-Миний л амьдрал тийм л байсан шүү дээ. Харин одоо арай дээрдэж байна. Хэдийгээр би харийн нутагт өөр овогтой, өөр заншилтай нөхөртэй амьдардаг ч гэсэн миний сэтгэл дотор монгол орон маань үргэлж л байдаг юм.
-Ойлгож байна аа, нутгаа саналгүй яахав. Төрсөн нутаг, төрсөн гэр гэдэг санахгүй байхын аргагүй шүү дээ?
-Тийм ээ /санаа алдав/ Маш их санадаг, монгол нутгаа. Харин гэрээ огт санадаггүй.
-Гэрээ санадаггүй хүн гэж байдаг юм уу?
-Би байна. Гэрээ биш ээжийгээ их санадаг байсан. Тийм болохоор монголд эргэж ирсэн. Ээжийгээ эргээд, бас дэргэд нь байж, толгойг нь сүүлчийн удаа түшсэн. /хоолой нь зангирав/. Би их азтай бас азгүй хүн юм. Азтай нь тэр хол нутагт байдаг ч ямар ч байсан ээжийнхээ толгойг түшээд, эцсийн амьсгаагаа таттал дэргэд нь байж чадсан. Харин азгүй нь ээждээ ямар их хайртайгаа харийн нутагт очоод мэдсэн ч хэлж чадалгүй байсаар л явуулчихлаа.
-Ээж хүн, эх хүн үрдээ гомдоно, тэднийгээ уучлахгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч чи ээждээ хэлж чадаагүй ч богино хугацаанд ч болов асарч хамт байсан болохоор ээж чинь чамд баярлаж байгаа?
-Тийм байх аа. /санаа алдав/ Ингэхэд би их хатуу сэтгэлтэй байгаа биз. Ээжийгээ алдаад дөнгөж долоо хонож байж, огт уйлахгүй яриад л …
-Үгүй дээ.Харин ч ухаалаг, бас хатуужилтай юм. Надад ингэж л бодогдсон?
-Миний нулимс дууссан юм шиг байна лээ. Харин хатуужил надад бий. Бас үзэн ядалт бүр ч их бий…
-Хэрэв чамд хэцүү байгаа бол заавал тэр талаар ярих гэсний хэрэг байхгүй шүү дээ?
-Үгүй дээ. Угаасаа энэ талаар ярих гэж уулзаж байгаа шүү дээ. \хоолой нь зангирав\. Монгол маань их өөрчлөгджээ. Яг л миний амьдрал шиг. Тийм учраас би сүүлийн үед нэлээд яригдаж байгаа гэр бүлийн хүчирхийллийн үр дагаврыг биеэрээ туулсан хүний хувьд хэчнээн хэцүү байсан ч ярих хэрэгтэй. Зулай гишгэж төрсөн атлаа ирээдүйг минь амьдралыг минь шавар шавхайд хутгасан тэр өөдгүй араатангийн талаар ярих хэрэгтэй. Учир нь сошиалд охид маш их байдаг. Ээждээ эгчдээ, найздаа ч ярихад хүнд зүйл цөөнгүй охидод тохиолддог. Тиймээс тэр охидод миний яриа шийдвэр гаргахад нь туслаасай. Нар өдөр бүр жаргадаг ч маргааш өглөө нь бүр илүү тунгалаг, гэрэл гэгээтэй манддаг юм шүү гэдгийг ойлгуулах гэсэн юм.
–Дарамтанд орсон, байсан охид цөөнгүй байдгийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн Төрийн бус байгууллагаас гаргасан судалгаанаас харлаа?
-Яг над шиг зовлонг туулсан монгол охид байдаг гэж үү… Тийм бол тэдэнд та, сэтгүүлч хүнийхээ хувьд туслах хэрэгтэй шүү. Ямар ч хүний зовлонг хөндлөнгөөс нь хараад хэн ч мэдэхгүй. Үүнийг би мах ясаараа, амьдралынхаа хамгийн гэрэл гэгээтэй насандаа туулж мэдлээ. Надад заримдаа тэр амьдрал маань зүүдлэгддэг би яг галзуурсан юм шиг болдог юм. Тийм үед манай нөхөр их гайхна. Харин би “хар дараад” гээд л өнгөрүүлдэг.
-Тэр хүн… ах чинь хэдэн настай, ямар ажилтай хүн бэ?
-35-тай. Тэр хүн биш ээ, малнаас дор араатан. Хийсэн ажилгүй, тэгсэн мөртлөө өөрийгөө болгоод л байдаг юм шиг байна лээ. Би ээжийгээ бурханы орон руу гаргах өдрийн өглөө тааралдсан. Ээжийгээ л бодож байсан болохоор миний хажууд ирчихсэн зогсч байхыг нь анзааралгүй хагас цаг болсон байсан. Харин гэнэт дуугарахад нь өөрийгөө солиорчихсон юм болов уу гэж бодож байсан… Үнэнийг хэлэхэд би түүнийг махны ширхэг, ясныхаа үртэс бүрээр үзэн ядаж байна. Тэр хүн миний төрсөн ах мөртлөө миний амьдралыг тамын доод там болгосон. Харин тэр амьдралаас минь гарахад тусалсан зүс таних төдий бүсгүйг бурхан ивээж, аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт итгэж байна.
-Надад шууд хэлэхэд хэцүү байгаа шиг чамд намайг сонсох хэцүү байгаа байх. Гэвч миний мэргэжил та бид хоёрыг уулзуулсан. Тиймээс хэн хэн нь тойруулалгүй ярьвал…?
-/хэсэг дуугүй суув/ Тийм ээ. Тэр намайг хүчирхийлдэг байсан. Намайг зодож, хардаж, хүчирхийлж байсан. Дөнгөж 13 нас хүрч байхдаа би төрсөн ахынхаа хүчирхийлэлд өртсөн. Тэр намайг эзэрхийлж, хүч чадалгүй байдлыг маань далимдуулж эзэгнэдэг байсан. Би түүнийг үхээсэй. Бүр алчих юмсан гэж боддог байсан болохоор орон дотроо хутга хийгээд унтаж байгаад баригдаад ухаан алдталаа зодуулж байсан. Намайг хүмүүст хэлчих вий гээд хичээлд дагаад явдаг. Манай ангийн хүүхдүүд “танай ах чамд үнэхээр хайртай, ямар их халамжтай юм бэ” гэж атаархана. “Үгүй тийм биш” гэж орилмоор байсан ч “хүнд хэлбэл ээжийг ална” гэдэг болохоор үзэн ядаж, хүнгүй газар уйлаад л явдаг байсан. Ангийнхаа хүүхдүүд бүү хэл ээждээ хэлж чадахгүй тэр араатанд би таван жил доромжлуулсан.
-Ээж чинь анзаардаггүй байсан юм байх даа?
-Ээж уг нь анзаарсан юм билээ. Шууд хэлэхээр намайг өөрийгөө хорлочих байх гээд эмзэглээд боломж хүлээгээд байсан юм билээ л. Ямар ч зүйл баригддаг, дэлбэрдэг болохоор ээж тэрийг гэрээсээ хөөж, миний сэтгэл амарсан. Ямар их баярлаж байсан гээч. Гэтэл ээжийг ажилдаа явсан араар гэртээ байж байхад тэр ороод ирсэн. Би орилоод л зугтаж байснаа санадаг. Тэгээд сэрсэн чинь тэр намайг хээр аваачаад хүчирхийлж байсан. Би тэндээс арай гэж зугтаж ээж дээрээ ирсэн. Ээж намайг хэчнээн ойлгож байсан ч ахыг цагдаад өгч чадаагүй. Бас төрүүлсэн үр нь болохоор хайрласан юм байгаа биз. Тийм болохоор нь би ээждээ хэлээд л өөрийнхөө замыг сонгосон…
-Ямар зам?
-Тэнэмэл амьдрал… Бараг хоёр жил тэнэсэн. Их эвдэрч байсан. Их дэлгүүрийн урд самар зардаг эгчид тусалж байгаад охинтой нь танилцаад… охин нь солонгос нөхөртэй зуучилж, гэр бүл болгодог газар байдаг гэж хэлсэн. Тухайн үед, одоо ч надад үүнээс өөр гэрэлтэй зам байсангүй. Нэгэнт харийн хүнтэй суусан болохоор, өмнөх амьдарлыг маань нөхөр мэднэ гэж санаа зовохгүй, ядаж үүгээрээ сэтгэл амар байх шив дээ. Нөхөр маань араатан биш, гэхдээ гэр бүлсэг, халуун дулаан орчин гэдгийг мэддэггүй, хөндийдүү хүн. Өглөө босоод л хийсэн хоол идээд л ажилдаа явлаа гээд л гардаг, бүүр шөнө болж байхад ирээд л бас хоол идээд л унтаад өгнө… Нэг бодлын амар юм шиг ч… Миний хувьд солонгос нөхрийнхөө шөнөд бөөрийг нь дулаацуулж, өглөө, орой хоолыг нь хийдэг үйлчлэгч л гэсэн үг. Гэхдээ би гутардаггүй юм. Гуниглаад юу ч бүтэхгүй юм чинь, нэг л өдөр надад аз ирнэ гэж итгэдэг. Ганц л амьдрах хорвоод хүнд аз, эз хоёрыг зэрэг заяадаг гээ биз дээ. Би зовлонг хангалттай туулсан, одоо надад … Бурхан ингэж хатуурхахгүй байлгүй дээ.
-Хүнд ярилцлага байлаа?
-Тиймээ, намайг сонссонд баярлалаа. Цор ганц монгол найздаа сэтгэлээ уудалж ярьлаа. Ингэхэд чи заавал нийтлэхгүй байсан ч болно оо. Би гомдохгүй.
-Би сэтгүүлч шүү дээ. Мэргэжилдээ хайртай.
-Тийм байна. Баярлалаа.
Сэтгүүлч Х.Халиунаа
+ There are no comments
Add yours