Ард түмний онц түр зөвлөл ТББ-аас өнөөдөр Оффшорчидтой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн. “ Улс орны эдийн засаг санхүү хямарч, ажилгүйдэл, ядуурал газар авч өрийн дарамтанд орон тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал хүнд байдалд орж байгааг эсэргүүцэн оффшор данстай төрийн эрх мэдэлтнүүдийг шалгаж,арга хэмжээ авахыг шаардаж байгаагаа тус зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд онцлов.
Ард түмний онц түр зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл, “Манай байгууллага бол ард түмнийг төрийнх нь өөдөөс турхирч, хүчирхийлэл, үндэсний эрх ашгийг зөрчсөн үйлдэл хийхгүй. Бид зөвхөн үүргээ умартан эх орныхоо газар шороо, байгалийн баялагийг гадаадынхантай хуйвалдан луйвардаж олсон асар их хөрөнгийг оффшор бүсэд нуун дарагдуулсаныг илрүүлж хариуцлага тооцохыг шаардаж байгаа” гэсэн.
Зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр “ Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах бидний тэмцэлд, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс нэгдэж байна. Бид ард түмэндээ хандаж уриалга гаргаж, төр засаг, ерөнхийлөгчддөө хандаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирсэнгүй. Тиймээс 3 дугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ. Хэрвээ үүнд хариу өгөхгүй бол бид хурц хэлбэрт шилжинэ” хэмээв.
Өмгөөлөгч Г.Батбаяр “Дэлхийн оффшорчдыг дэлгэсэн баримт дунд Монгол Улсын 49 эрхэмийн нэр бичээстэй байгаа. Тэд нар өөрсдийгөө төлөөлсөн нэрний ард нуугдаж байгаа юм. Хэн болгон танихгүй нэг нөхөр байж байдаг. Гэтэл түүний ард томоохон улс төрч эрх мэдэлтэй нэгэн байх жишээтэй. Энэ бол ард түмний хөдөлгөөн. Бидний ард нам болон нөлөө бүхий хэн нэгэн байхгүй. Оффшорчдыг яаж шийтгэх юм зарим хүмүүс бүтэхгүй гэж ярьж байгаа. Бид юуны өмнө төрөөр шийтгүүлж болох уу гэж хэлэлцэж байна. Хэрвээ энэ бүтэхгүй бол олон улсын шүүхэд хэв журмаар нь хандана” гэлээ.
Сэтгүүлч Г.Гэрлээ
+ There are no comments
Add yours