Нэр дэвшигчдийн эрхийг хумьж болохгүй гэв

 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хандаж нээлттэй захидал илгээжээ.

Тэрбээр захидалдаа намын шинэчлэлийн төлөө өөрийн санаа бодол, үйл хэргээ зориулан яваа гишүүдийн нэг гэдгээ онцолсоны зэрэгцээ АН-ын удирдах байгууллагад нэрээ дэвшүүлэх гишүүдийн эрхийг элдэв янзын босго, болзлоор хумьж хязгаарласан нь туйлын буруу хэмээжээ.

Иймд нэгдүгээрт, дэнчин, татвар, хураамж гэсэн нэр томьёоны агуулга, ойлголтыг дүрэм, журамд зөв хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ дэнчинг сонгуульд ялсан нь буцааж авдаг, ялагдсан нь алддаг байхаар зохицуулж, хуримтлагдсан дэнчингийн хөрөнгөөр сонгууль зохион байгуулдаг болгон өөрчилж, “Сонгуулийн хураамж” гэгч үндэслэлгүй санхүүгийн нэмэлт дарамтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Хоёрдугаарт АН-д элсээд 6 сар болсон байх, 2016 оны сонгуульд ямар байр байдалтай оролцсон зэргээр нь хяхаж хавчсан заалт нь АН-ын эв нэгдлийг хангах, улмаар нээлттэй, ард түмний нам болох алсын зорилгод хор хохиролтойгоос гадна Үндсэн хуулийн суурь зарчим, заалттай ч зөрчилдөж байгаа тул хүчингүй болгох.

Гуравдугаарт намын дотоод бүтцийн байгууллага намын Үндсэн дүрэм, хууль тогтоомжоос давсан, зөрчсөн хэм хэмжээ тогтоодог байсан урьдын гажуудлыг давтахгүй байхад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

МОНЦАМЭ

+ There are no comments

Add yours