Тус бага хурлаас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 ба 49 хувь, Монросцветметийн хувьцааны 50 хувь дээр мэдэгдэл гаргасан байна.
Нэгдүгээрт, Эрдэнэт УБҮ-ийн эзэмшилд байдаг Эрдэнэтийн зэс-молибдений орд, Монросцветмет ХХК-ийн эзэмшилд байдаг Асгатын мөнгөний орд нь стратегийн ач холбогдолтой орд юм. Үндсэн хууль, олон улсын гэрээ хэлцэл, хууль тогтоомжийн дагуу ард түмний мэдэлд байх ёстой. Гагцхүү УИХ эдгээр орд, эзэмшиж буй хувьцаа, өмч эзэмшлийн талаарх эцсийн шийдвэрийг гаргах хуультай.
Хоёрдугаарт, МАХН стратегийн ач холбогдолтой ордыг ард түмний дундын өмч гэж үздэг бөгөөд ард түмний санал асуулгаар ашиглах асуудлыг шийдэж байх ёстой гэж үздэг.
Гуравдугаарт, УИХ, Засгийн газар болон хууль шүүхийн байгууллагууд Эрдэнэтийн ОХУ-ын мэдэлд байсан хувь эзэмшлийг Монголын талд шилжүүлэх явцад хууль зөрчин хувийн хэвшлийн байгууллагад зувчуулсан асуудлыг шалган тогтоож, улс, ард түмний зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Түүнчлэн төрийн өмчид байгаа хувьцааг ӨАБНУ-ын банкинд хууль бусаар нууцаар барьцаалсан, эрх мэдлээ хэтрүүлэн хувьдаа завшсан шинжтэй гэмт үйлдлийг шалгах ажлын хэсгийг УИХ-д байгуулж, нэн даруй олон нийтэд ил тод болгохыг шаардаж байна.
Дөрөвдүгээрт, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагууд, АТГ, Прокурор нь хууль зөрчин авилга авах, өгөх, зуучлах, мөнгө угаах, эрх мэдлээ хэтрүүлэх, банкны тухай хууль тогтоомж зөрчих зэрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дагуу хэрэг үүсгэн, хариуцлага тооцож, шударга ёсыг тогтоох арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой.
Тавдугаарт, Ард түмний өмчийг хамгаалж, цаг алдалгүй олон түмний сонорт хүргэж ажилласан МАХН-ын удирдлага, Гүйцэтгэх товчооны байр суурь, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон УИХ-ын гишүүдийн шийдвэрийг зөв зүйтэй хэмээн дүгнэж, талархал илэрхийлсүгэй.
Зургадугаарт, Цаашид Эрдэнэт УБҮ, Монросцветмет ХХК-ийн төрийн мэдэлд шилжин ирсэн хувь хувьцааг монголын ард түмний нийтийн, дундын өмч болгон зарлах, төрийн өмчийн ашиглалт, үр ашигтай байдлыг сайжруулан олон нийтэд нээлттэй, ил тод болгохыг шаардсугай.
Долдугаарт, МАХН-ын Бага чуулганы гишүүдийн энэхүү мэдэгдэлийг үндэслэн ард түмний өмч, эрх ашгийг улс төрийн аргаар хамгаалж ажиллахыг МАХН-ын гишүүдэд даалгахаар шийдвэрлэжээ.
Бага хурлаар мөн Гүйцэтгэх товчооны 20 хүнийг шинээр сонгосны зэрэгцээ Үндсэн хуулийн шинэчлэн төслийг боловсруулсан гэдгээ тэд мэдэгдлээ.
http://www.montsame.mn
+ There are no comments
Add yours