Ази тивд 400 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй амьдарч байна

Хөгжиж буй Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд 2030 он хүртэл тус бүс нутагт жилд 1.5 их наяд буюу нийт 22.6 их наяд ам.долларын дэд бүтцийн бүтээн байгуулалт шаардлагатай байгааг АХБ тэргүүн тайландаа онцолжээ.

Азийн хөгжлийн банкны “Азийн бүс нутгийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хангах нь” тайлан нь  бүс нутгийн эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, усны эрүүл ахуй зэрэг дэд бүтцийн салбаруудын хөрөнгө оруулалтын хэрэгцээ, санхүүгийн тогтолцоонд цогц дүн шинжилгээ хийдэг.

Сүүлийн 10 жилийн хугацаанд дээрх тайланд хамрагдсан 45 орны дэд бүтэц нь өсөлтийг идэвхжүүлэх, ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааг дээшлүүлэх зэргээр асар хурдацтай хөгжсөн боловч 400 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй, 300 сая гаруй хүн аюулгүй ундны ус хэрэглэх боломжгүй, 1.5 тэрбум орчим хүн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч байгаа нь дэд бүтцийн хүртээмжийн томоохон дутагдал оршсоор байгааг илэрхийлжээ. Мөн бүс нутгийн зарим улс орнуудыг дотоодын болон гадаадын томоохон зах зээлд үр ашигтай хүргэх усан боомт, төмөр болон авто зам дутмаг байгааг тодотголоо.

АХБ-ны Ерөнхийлөгч Такэхико Накао, “Ази-Номхон далайн бүс нутгийн дэд бүтцийн эрэлт нь одоогийн нийлүүлэлтээсээ хол давав. Чанарын стандартыг тогтоож, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэхийн зэрэгцээ дэлхий нийтийн санааг зовоож буй уур амьсгалын өөрчлөлтөд хариу үзүүлэх шинэ дэвшилтэт дэд бүтэц Ази тивд хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон зохицуулах зардлыг тооцвол энэ нь жилийн 1.7 их наяд буюу нийт 26 их наяд гаруй ам.долларт хүрэхээр байгаа аж. Тодруулбал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах хөрөнгө оруулалтын 14.7 их наяд ам.доллар нь эрчим хүчид, 8.4 их наяд ам.доллар нь зам тээврийн салбарт 2016-2030 онуудад зарцуулах юм байна. Дээрх хугацаанд харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтын шаардлага 2.3 их наяд ам.долларт хүрнэ гэж үзжээ. Харин цэвэр болон бохир усны хөрөнгө оруулалт 800 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн тооцсон байна.

 2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийг тооцсон шаардлагатай хөрөнгө оруулалтын 61 хувийг Зүүн Азийн дэд бүсэд бүрдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зардлыг багтаасан жилийн 1.7 их наяд ам.долларын тооцоо нь 2009 онд АХБ-наас гаргасан 750 тэрбум ам.долларын тооцооноос даруй хоёр дахин их байгааг тодотголоо. Мөн бүс нутгийн дэд бүтцийн салбарт жилд 881 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Дэд бүтэц рүү хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг дэмжихийн тулд бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг хийх хэрэгтэй болж буйг дээрх тайланд дурдсан байна. Улмаар хөрөнгийн зах зээлийг нэмэгдүүлэх нь тус бүс нутгийн хадгалагдсан нөөцийг үр дүнтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэхэд түлхэц үзүүлэх аж.

Дашрамд дурдахад Олон талт хөгжлийн банкнууд  хөгжиж буй Азийн бүс нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 2.5 хувийг санхүүжүүлжээ. Үүнд БНХАУ болон Энэтхэг улсыг оруулахгүй тооцвол хөрөнгө оруулалтын хэмжээ 10 хувиас давахаар байгааг АХБ-наас мэдэгдлээ.

http://www.montsame.mn/dotood-medee/47283http://www.montsame.mn/dotood-medee/47283http://www.montsame.mn/dotood-medee/47283http://www.montsame.mn/dotood-medee/47283http://www.montsame.mn/dotood-medee/47283

+ There are no comments

Add yours