“Найдваргүй зээлдэгчид”-ийн олонх нь иргэд байна

Монголбанкны зээлийн мэдээллийн санд “найдваргүй” гэх тодотголоор хадгалагдаж буй 25621 зээлдэгчид “Өршөөл” үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу дараах үндсэн шалгууруудыг харгалзан үзэж зээлийн мэдээллийн сангаас сөрөг мэдээллийг устгах юм байна. Үүнд,

Авсан зээл нь нэг жилээс илүүгүй хугацаатай

Анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй,

Нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь төлөгдөж дууссан байх

Шаардлагаас харвал тухайн зээлдэгч богино хугацаатай, 2 сая 880 мянган төгрөгөөс ихгүй хэмжээний зээл авсан, зээлээ төлж дууссан хүн байх нь. Тиймээс 25621 зээлдэгчийн олонх нь иргэд байгааг Монголбанкны хэвлэлийн албанаас онцоллоо. Зээлийн төрлийн хувьд голчлон хэрэглээний болон цалингийн зээл байгаа аж. Харин гаргасан зөрчлийн тухайд хугацаа хэтрүүлж төлсөн нь дийлэнх аж.

Богино хугацаат зээл авч, нэг хоёр удаад хугацаандаа төлөөгүйгээс болж “хар данс”-нд бүртгэгдэх нь иргэдийн хувьд ихээхэн хохиролтой. Томоохон хэмжээний зээл, тухайлбал ипотект хамрагдахыг хүссэн үед өмнөх зээлийн түүх сөрөг байх аваас арилжааны банкууд зээл олгохоос татгалзах нь бий. Учир нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн сөрөг мэдээлэл 10 жилийн турш хадгалагддаг.

Энэхүү хүндрэлээс иргэдийг аврах, санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг олгох зорилгоор 25621 зээлийн сөрөг түүхийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулалт хийжээ. Гэхдээ энэ бол нэг удаагийн арга хэмжээ. Хойшид байнга “өршөөл” үзүүлэхгүй учраас иргэд зээл төлөх графикаа цалин буух өдөртэй уялдуулах, зээлээ хугацаанд нь төлөхөд анхаарах хэрэгтэйг Монголбанкнаас санууллаа.

+ There are no comments

Add yours