ШИРЭН ДЭЭР ШИРЭГ УРГУУЛАГЧ

Эдийн засаг нь элгээрээ хэвтсэн Монгол Улсаас зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт богино хугацаанд босгож чадна гэдэг маш өндөр чадвар юм.  Төр нь харийн улс орнуудаас, ард түмэн нь төрөөсөө халамж, зээл нэхэж амь зуухыг урьтал болгодог манай улсын дунджаас доош орлоготой иргэдийн тархийг базаж тэрбумаар хөрөнгө босгосон Ж.Марат болон түүний ард байгаа баг өөрийн эрхгүй анхаарал татах.

Учир нь дэндүү гэмээр эмгэнэлийг эндээс харж болох учраас. Учир нь энэхүү сүлжээний луйврын хамгийн том хохирогчид бол дунд сургуулийн багш нар, дунджаас доош орлоготой 40 хүртэлх насны залуучууд байгаа нь эмгэнэл. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, анги сургуулиараа нэгдэж гэнэт баяжих гэсэн гэнэн монголчуудын давалгаа сүлжээг санаачлагчдыг ч алмайруулсан нь лавтай.

Хулганы хавх дахь үнэгүй хоол

“G-Time” буюу “Алтан цаг” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхийлөгч Ж.Мурат гэгч 50 эргэм насны казакстан иргэн. Тэрбээр тус корпорацийн ерөнхийлөгч Жумагулов Жаннат Маулльсеитовна гэгчийн төрсөн дүү. Казакстаны Засгийн газрын ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөр нэрээр гэртээ хэвтэж байгаад гэнэт баяжихыг хүссэн бачуу ухаантан монголчуудын сэтгэлээр “сегадаж”, бяцхан шуналд нь дөрөөлөн “цөм баяжуулна” хэмээн итгүүлж, халаасыг нь сэгсэрсэн.

Хоёр жилийн хугацаанд Монгол Улсад хоёрхон удаа ирсэн Ж. Муратад бяцхан заль хэрэглээд л бага хугацаанд зургаан тэрбумыг босгосондоо итгэхэд бэрх байж алмайрсан биз, баярласан ч бизээ. Азаар нь монголчууд бүгдээрээ  сүлжээнд итгэж, баяжихыг бурханаас гуйдаггүй болохоор цаг алдсан ч гэсэн улсынхаа хил дээр зальт этгээдийг саатуулж чадсан монголын цагдаагийн ажилтнуудад браво.

Монголчууд үнэгүй хоол хулганы хавханд байдаг гэдгийг маш сайн мэдэж, бүгд ярьдаг. Гэтэл хэн хүнгүй мэддэг ч хулганы хавханд байгаа үнэгүй хоол руу нүдээ ухаж өгөхөөс буцахгүй гэж зүтгэдэгээс жирийн нэг зальжин этгээдэд зургаан тэрбум төгрөгийг багахан хугацаанд босгоод өгсөн сүлжээчдийг магтан дуулья. Ажил хийх дургүй идэр насныхан, ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэгч дунд сургуулийн багш нар, тэдний ар гэр, найз нөхөд энэ сүлжээг уриалан дэмжиж, улс дамнасан зальт этгээдэд хоргодох цахмаг барьж өгсөн нь дэндүү харамсмаар ч яалтай.

 

 Зургаан тэрбумыг босгосон ч…

Харийн хүн л бол хаа газрын тэнүүлчин байсан ч бурханчлан шүтдэг хуучин монгол зангийн илрэл. Хэнийг нь мэдэхгүй ч хэлж буй зүйлийг нь амаа ангайн чагнаж, алтан өндөг, могойн зургийг “Аз” хэмээн итгэж, гэрийнхээ хоймор жаазлан тахиж, тархиныхаа гүнд нандигнан хадгалдаг тархины тураалын гай. Нэг биш нэлээд их хүн сүрэг байгаагийн уршигийг сүлжээний бизнест итгэж хулхидуулсан монголчуудын цуваанаас харж болно.

Өнөөдөр монголын гэр бүлд харийн аль нэг улсад хараар болон гэрээгээр ажиллаж байгаа хүнгүй өрх байхгүй шиг бүлд нь бөөтэй бас дээр нь сүлжээний бизнест тархиа угаалгаж, бусдыг мөлжиж баяжихыг мөрөөдөгчгүй айл цөөхөн болсоныг эндээс мөн харж болно.

Казахстаны иргэн Ж.Мурат гэгчид монголын цагдаагийн ажилтнууд холбогдох хэргийг нь шалгаж Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, зөвшөөрөлгүй компаний нэр барьж сүлжээний бизнес нэрээр санхүүгийн пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Эхлээд 2016 оны  арванхоёрдугаар сар, дараа нь 2017 оны нэгдүгээр сард Монголд ирж, 500 гаруй мянган Монгол иргэнээс  62.000 төгрөгөөс 900 ам. долларын төгрөгийг хурааж, богино хугацаанд бизнесээ “сансарт нисгэх” шахсан Ж.Марат мэргэжил нь, боловсрол  нь  тодорхойгүй этгээд. Харин монголоос зургаан тэрбумыг босгосон  “G-time” сүлжээгээ 2015  оны арваннэгдүгээр сард манай улсад оруулж ирсэн боловч үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл хэзээ ч аваагүй атлаа албан ёсны байгууллага хэмээн олон мянган хүнийг итгүүлсэнээр гэнэт баяжихыг хүссэн иргэд буюу тус сүлжээг өргөжүүлэгч монголчууд “Манайх албан ёсны үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй боллоо. Тиймээс та бүхэн бага мөнгөөр их мөнгө олж, машин, орон сууцтай болох боломжийг бүү алдаарай” гэх мэтийг постыг фэйсбүүк, твиттерээр дамжуулан олон нийтэд тараасан нь гашуун үнэн.

Цуу үг, цуулбар салхинд бүү итгэ, монголчуудаа

Тус байгууллага нь Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс монголчуудын хамгийн их сонирхдог нь үндсэн болон VIP. Хамгийн багадаа  75  мянгаас эхлээд 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсч,  8.000 ам.доллар авах боломжтой, мөн 120 мянган төгрөгөөр элсээд долоо хоногтоо 120.000 төгрөгөө хэд дахин нугалж авах боломжтой гэсэн ухуулганд автсан иргэдэд итгэл төрүүлэхийн тулд Казахстаны шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг байсан хэдий ч монголын цагдаагийн алба хаагчид энэ бүхэн нь оргүй зүйл болохыг тогтоосон байдаг.

Хамгийн харамсалтай нь, тус сүлжээнээс болж хохирсон иргэдэд Казахстан улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл”,  тус байгууллагыг  НҮБ хүлээн зөвшөөрч,  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмжин ажилладаг гэх мэтээр худал мэдээлэл өгч, сүлжээндээ элсүүлдэг байсан ч үнэн нүүр царай нь илэрч хохирсон иргэд цагдаагийн байгууллагыг бүчиж байна, өнөөдөр.

Харь улсын зальт этгээд монгол иргэдийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүй  дээр үндэслэн  зургаан тэрбум төгрөгийг Монголын зах зээлээс босгож байхад Монгол Улсын эдийн засаг шалдаа бууж, сарын дараа төлөх 580 сая ам.долларын өр, Английн арбитрын шүүхэд хүлээгдэж буй Эрдэнэтийг барьцаалсан “Жаст”-ын өр, арай гэж 49 хувьтайгаа үлдэхийн тулд хувийн хэвшилд төлөх 400 сая ам.доллар гэх мэтээр асар их мөнгөний эрэлтийг даахгүй, элгээрээ хэвтсэн эдийн засагтай Монгол Улс сэхээнд орохдоо тулав.

Харин хүсээгүй шок-д орж, хүндээр өвчилсөн Монголын эдийн засагт  ганц гарц нь болсон ОУВС хамгийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрөө санал болгосон нь санхүүгийн бүх эрхийг тэдэнд өгч, тэдний томилсон хүнээр удирдуулна. Халамжийн үйлчилгээг бүрэн цуцалж, НӨАТ, бусад татвар, эрчим хүчний үнийг нэмэх зэрэг шаардлагыг хангахыг шаардаж буй. Аливаа зүйл хоёр талтай байдгийн гашуун нь энэ…

Үүнийг бичигч миний бие энэхүү нийтлэлээрээ ард иргэдийг хуур гэсэнгүй. Шаардлагатай байгаа салбартаа зөв зохицуулалт хийж иргэддээ ажлын байр гаргаж өгч үр дүнтэй зүйл хийхийг эрх бүхий Засгийн газарт, удирдагчид, улс төрчдөд уриалж байгаа юм, энэ дашрамд. Элгээрээ хэвтсэн  Монголын зах зээлээс хэдхэн сарын дотор  зургаан тэрбумийг босгож чадсан харийн тэнүүлчээс үлгэр авахыг сануулсангүй, эх орондоо байж харийн зальжин этгээдийн хөлсний алчуур болж байгаа хөөрхий ард түмнээ битгий гуйланчлуул гэж л сануулж байгаа юм.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Сэтгүүлч Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours