Б.Жавхлан: Долдугаар сарын 1-нд дуусах хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэх эсэхийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийх үеэрээ төсвийн тодотгол хийх нөхцөл бүрдсэн эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Төсвийн тодотголыг хуулийн дагуу л хийнэ. Хуульд тодотгол хийх таван нөхцөл байдаг. Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй шаардлага, нөхцөл бүрдээгүй байна.

Долдугаар сарын 1-нд үйлчлэл нь дуусаж байгаа 6-8 төрлийн эдийн засгийн арга хэмжээ бий. Тодруулбал, дулаан, цахилгаан, усны төлбөр тэглэсэн, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн, олон төрлийн татварын хөнгөлөлт, торгууль алдангийн чөлөөлөлт, зээл хойшлуулсан арга хэмжээнүүдийн үйлчлэл дуусаж байгаа. Эдгээрийг цааш үргэлжлүүлэх үү, алийг нь цааш үргэлжүүлэх вэ гэдгээс шалтгаалж төсөвт тодотгол хийх үгүй нь эцсийн байдлаар шийдэгдэнэ.

Цаашдаа хүүхдийн мөнгийг долдугаар сарын 1-нээс зогсоох уу эсвэл төсөв ямар хэмжээний ачаалал аваад үргэлжүүлэх боломжтой вэ гэдэг шийдвэрийг ойрын хугацаанд гаргана.

Сүүлийн хагас жилийн эдийн засаг, төсвийн нөхцөл байдлаа зөв тооцоолох ёстой. Төсөв дааж авах боломжийн хэрээр шийдвэрийг гаргана. Урьдчилсан байдлаар дулаан, цахилгаан, усны төлбөр тэглэсэн шийдвэрийн үйлчлэлийг долдугаар сарын 1-нд дуусгах, харин хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн амжиргааг дэмжиж байгаа учраас цаашид төсөв ямар хэмжээнд энэ ачааллыг даах вэ гэдэгтэй уялдуулж шийдвэрээ гаргана.

Ер нь цаашдаа олон давхардсан байгаа оноогүй халамжаас татгалзах бодлого барьж байгаа ч цар тахлын үед энэ бодлогын шилжилтийг огцом хийх боломжгүй байна” хэмээн хариуллаа.

+ There are no comments

Add yours