СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төгсөх ангийн зургаан сурагч нууранд живж амиа алджээ

Баян-Өлгий аймагт 12 дугаар ангийн зургаан сурагч нуурын усанд живж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Толбо сумын нутаг “Хар нуур” руу загас барихаар явсан 12 дугаар ангийн зургаан хүүхэд сураггүй болсон талаар дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Улмаар өнөөдөр өглөө онцгой байдлын алба хаагчид тэдний цогцсыг 5-10 метрийн гүнээс олсон болохыг ОБЕГ-аас мэдээллээ. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас гол, мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байгааг мэдээлж буй бөгөөд ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр буюу зургадугаар сарын 12-нд Туул гол Алтанбулаг, Хараа гол Дархан, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10-35 см нэмэгдэх хандлагатай байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ. 

2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Орхон, Алтай нуруунаас эхтэй Сагсай, Харбут Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон, Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Халх, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см Хүдэр, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 25-50 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

+ There are no comments

Add yours