Б.Жавлан: Цар тахалтай холбоотой бүх халамжийг VII сарын нэгнээс эхлэн зогсооно

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцаж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж олгож байгаа. Уг хөнгөлөлт, халамжийг ирэх сараас зогсооно гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн жил хагасын хугацаанд авсан халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно. Энэ хугацаанд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн. Ковидын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар цогц эрсдэлийн шинжилгээ хийж, цаашид яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой. Цар тахлын өмнөх суурь руу шууд шилжих боломж байна уу. Эдийн засаг үүнийг даах уу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Шийдвэр гаргахад хараахан болоогүй байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад бидэнд шилжилтийн үе хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Гэхдээ ямар түвшинд байх вэ гэдгийг одоо шууд хэлэхэд хараахан эрт. Долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ. Төсвийн тодотгол нөхцөл үүсээгүй байна. Аль болох төсөвт тодотгол хийхгүй зорьж байгаа” гэв.

Ийнхүү Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хугацаатай арга хэмжээ долдугаар сарын 1-нээс зогссоноор хүүхдийн мөнгийг өмнөхийн адил 20 мянган төгрөгөөр олгож, ус цахилгаан, дулаан, хогны төлбөрөө айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлөхөөр болж байна.

+ There are no comments

Add yours