Шинэ Ерөнхийлөгчийн цуурайнд ганхсан “нялх” Засгийн газар

Шинэ Ерөнхийлөгч, шинэ Засгийн газраа хүлээн авахад бэлэн үү…

Эрх баригч намын далд “бутраан” ирэх өдрүүдэд Засгийн газраа унагааж “тайвшрах” нь тодорхой болов. Байгуулагдаад хоёр сарын нүүр үзэж байгаа Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ганхаж эхэлжээ. Энэ Засгийн газрыг тогтвортой байж, багагүй ажил хийнэ хэмээн дөнгөж байгуулагдаж байхад нь таамаглаж, итгэл хүлээлгэж байсан хүмүүсийн хувьд итгэл нь хугарсан үйлдэл болж байгаа бол дараагийн Засгийн газарт сайд горилж байгаа хүмүүсийн хувьд “ээлжит бялуу”-гаа хүртэх боломж ирж байгаа юм.

Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хариуцлагатай энэ үед эрх баригч намын суудлаа булаалдсан талцал Тусгаар тогтнолын ордоноос хальж, намын даргын суудлын төлөөх “чимээгүй дайн” илт хүчээ аван Ерөнхийлөгчийн сонгуулиас илүү баг талцлын дэмжлэг булан тохойгүй “яригдах” болсон нь нэгэнт ил болжээ.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн эдүгээн Засгийн газрын хамгийн том алдаа нь бүхэл улсын Засгийн газрыг тэргүүлж байгаа атлаа сөрөг намын гол пиарчин хэмээн цоллогддог эцэг нэг ч эх тусгаар ахынхаа “тусламж”-аас татгалзаж чадаагүй илт хараат байдал хэмээн намын нэр хүндтэй эрхэм ширэв татсан. Түүнчлэн хэт хамаарал бүхий ойрын хүмүүсээ өндөр албан тушаалд байршуулан хамгаалж, улс төрийн гэхээсээ илүү ах дүүсээ өөд татаж, амжиж “албан тушаалаа ашигласан” байдал нь намын ахмад гишүүдийн бухимдлыг ихээр төрүүлэх болсон үнэнтэй. Энэ утгаараа эрх баригч намын нэр хүнд бүхий хүлээн зөвшөөрөгдсөн ахмад гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг нь өгсөн атлаа МАН-ын даргын албан тушаал эрх мэдлийг хязгаарласан нь “байдлыг харж, дараагийн алхам хийх” улс төрийн үйлдэл байсан гэнэ.

Шинэ Ерөнхийлөгчийн цуурайнд ганхсан “нялх” Засгийн газар

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар тэргүүлж, МАН албан ёсоор “эрх баригч нам” хэмээн хэлэгдэж, бичигдэж байсан ч хөшигний ард “Ерөнхийлөгч Х.Баттулгын пиарчин” Б.Баатар гэгч эцэг нэгтэй ах нь байж, улс эх орны эрх ашиг бүхий томоохон асуудалд ч түүний хамаарлыг илтэд оруулж байсан. Үүний хамгийн том илрэл нь сөрөг нам буюу АН-д нөлөө бүхий үйл ажиллагаатай хамаарал бүхий ажиллаж байсан хоёр нөхрийг Ерөнхий сайдын ажлын албанд татан оруулж, албан бус зөвлөхөөр томилсон шийдвэр нь МАН-ын хуучинсаг үзэл санаагаа ягштал баримталдаг гишүүдэд жинхэнэ “гэнэтийн бэлэг” болж чадсан юм

Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн эгзэгтэй, хариуцлагатай энэ үед тэр дундаа дэлхий нийтээр нь түгшээсэн цар тахлын халдварын улмаас иргэдийн итгэл суларч, өдөр бүхэн сөрөг мэдээлэлд төөрч, эрх баригч намын нэр хүнд унаж, түүгээр зогсохгүй аливаа асуудлыг “олгой хагаравч тогоон дотроо” байлгаж хав дарж чаддаг байсан бүхэн өнгөрөв. Асуудлыг машид сайн дарж чаддаг байсан бүхэн өнгөрсөн цаг үетэй улирч, аливаа нууц мэдээлэл өдөр сараар задарч байсан нь МАН-ын үнэнч гишүүдийн хувьд маш харамсалтай үйлдэл болсон гэхэд болно. Гэтэл энэ хариуцлагатай үед илт биш ч эрс гэмээр үйлдлийг Засгийн тэргүүн гаргасан нь сөрөг намд “бүртгэлтэй” нөхдүүд Засгийн газрын тэргүүний зөвлөхийн хэмжээнд томилогдож, намын дотоод асуудалд “гадны гар хөл” илт шургалсан нь угаасаа уугиж байсан галыг өрдсөнөөс ялгаагүй бужигнуулсан.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хэдийгээр олимпийн аварга ч гэсэн Баянхонгор аймагт АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Н.Түвшинбаярыг спортын асуудал хариуцсан албан бус зөвлөхөөр, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг менежер хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ч “цэнхэр өнгөөр тамгалагдсан”, тэр бүү хэл Ц.Элдэгдоржийн хамааралтай хэмээн хардагддаг мэдээллийн news.mn сайтыг үүсгэн байгуулсан А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан албан зөвлөхөөр томилсон нь МАН-ын жирийн гишүүдийг ч нойргүй хонуулж, бухимдуулсан. Иймээс удирдлагын түвшинд хуваагдал “хөөрөх” хүртэл дэвэргэсэн гэж үзсэн МАН-ын гишүүд “асуудлыг зохицуулах тойрог” байгуулсан нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг бараадахад хүргэж. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний хоёр нь МАН-ын хамааралтай атлаа, АН мэт харагдсан энэ цаг үед  эрх баригч намын нэр хүнд нь өдөр өдрөөр унаж байгаа хүнд үед өндөр албан тушаалтай, олон танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн улс төрчдөөс хамгийн тогтвортой байгаа нь УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр хүнд гэж харагдах нь зүй. Тиймээс дараагийн Засгийн газрын тэргүүнд Г.Занданшатарыг түлхэж байгаа төдийгүй, эрхэм спикерийн хувьд ч өөртөө итгэлтэй байгаа тухай ойрын эх сурвалж ам алдсан. Мэдээж Г.Занданшатарын халааг авах хүн Т.Аюурсайхан байх магадлал өндөр, түүнийг Их хурлын даргаар томилогдоход нам дотроос гэхээс гаднаас эргэлзэх эргэлзээ маш бага гэж болно. Мэдээж, шинэ Засгийн газрын Шадар сайдад Ж.Энхбаяр орж ирж байна. Түүнчлэн баттай биш эх сурвалжийн өгүүлсэнээр хэрэв Ж.Энхбаяр Шадар сайдын суудлаас татгалзаж, элчин сайдын суудал сонговол түүний хүү улс төрд “залуу улс төрч” хэмээн цоллогдож орж ирэх магадлал маш өндөр байгаа гэнэ.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газраас “урваж” орж ирсэн сайд нарын хувьд энэ удаагийн Засгийн газарт орох нюанс үгүй бөгөөд ард түмний дунд “хамгийн ихээр нэр хүндийг нь унагааж байгаа” хэмээн нэр цохож шүүмжлүүлсэн яамдын дотор сүүлийн үед “хэмжээлшгүй” эрх мэдэлтэй мэт авирлаж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэр дээгүүр явж буй гэх. Шадар сайдын хувьд гамшгийн цаг үед хариуцсан салбараа улс төржүүлж, дотоодын хагарлаа илт гадагш гарган, УОК, НОК гэсэн хоёр толгойтой ажиллаж, багийн хамтын шийдвэр гэхээсээ  илүү өөрийн үзэмжээр асуудалд хандаж байгаа “том толгой”-той сайдын хувьд эхнэрээ “улаан бүс”-ээс гаргаж ард түмнийг бухимдуулсан. Хамгийн хариуцлагатай үед хариуцлагагүй хандаж, “намын нэрийг өргөх биш улам доош унагаж байгаа асуудалд хариуцлага тооцох” нь хамгийн зөв гэсэн шийдвэрээр нэн тэргүүнд суудлаа өгөх нь тодорхой болоод буй.

Хэдийгээр дарга нарын эмнэлгийн дарга хийж, салбараа мэддэг хүн сайд боллоо хэмээн багагүй дэмжлэгтэй байсан Эрүүл мэндийн сайдын хувьд галыг унтраах биш цогшуулж байгаа алдаа нь цаашид сайдын хэмжээнд ажиллах зангараг байхгүй нэгэн гэдгийг харуулав хэмээн үзсэн эрх баригч намын шийдвэр гаргах түвшний гишүүд санал нэгдсэн гэдэг. Харин ирэх сарыг хүртэл иргэдээ “сарын хэрэглээний суурь хураамжаас чөлөөлж” ард түмний дунд унасан нэр хүндийг багагүй өргөсөн салбарыг тэргүүлж байгаа атлаа эгзэгтэй үед амаа хамхиж мэдэхгүй, “ирэх сараас цахилгаан дулааны үнэ нэмэгдэнэ” хэмээн гал дээр тос асгаж, хариуцлагатай үед хариуцлагагүй мэдээлэл хийсэн гэдгээр Эрчим хүчний сайдын суудал ганхсан байр сууринд шууд унасан … гэх мэтээр өнөөдрийн Засгийн газрын суурь бэхжиж амжилгүй ганхсан нь “багийн тоглолт” гэхээсээ илүү хувь хүний ганцаарчилсан тоглолтын улмаас эрх мэдэлтэй атлаа эрх мэдэлгүй нөхцөл байдлыг үүсгэж, энэ хэрээр намын нэр хүндийг унагаасан хариуцлагыг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас эрх баригч намын гишүүд шаардахаар зэхэж эхэлжээ.

Тэд маргаашийн сонголтын сүүлийн шийдвэртэй зэрэгцэн өнөөдрийн Засгийн газрыг татан буулгаж, дараагийн Засгийн газрыг тэргүүлэх сайдын асуудлыг хэлэлцэж сууна. Магадгүй 100 жилийн түүхтэй МАН-ын хувьд энэ бүхэн хэтэрхий болчимгүй асуудал байж болох ч тос дотроосоо өтвөл аюултайн жишгээр цаг үеийн шалгарлын “шилгээлтэд” нударгалуулж байгаа нь яахын аргагүй үнэн юм.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours