Жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэл өгөх тохиолдол гарч байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр АШУҮИС-ийн багш Д.Мөнхцэцэг жирэмсэн эмэгтэйд коронавирус хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Коронавирусийн улмаас дэлхий дахинд эхийн эндэгдэл 30 мянгаар нэмэгдсэн бөгөөд цар тахлаас өмнө 168000 байсан бол дараах үзүүлэлтээр эхийн эндэгдэл 198 мянга болсон. Мөн жирэмсний үеийн болон төрсний дараах сэтгэл гутралд ихээр өртөж буйг анхаарууштай. Энэ нь ялангуяа хөл хорионы үед жирэмсэн эмэгтэйчүүдэд анхаарал ихээхэн хандуулах ёстойг харуулж байна. Эхээс хүүхдэд халдвар тархах эрсдэл бага хэдий ч эхэсээр дамжин халдварласан тохиолдол бүртгэгдсэн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд аль болох эмнэлгийн байгууллагад биеэр очихоос зайлсхийж, цахимаар зөвлөгөө мэдээлэл авахыг чухалчлах хэрэгтэй. Сүүлийн үед иргэд халдварын эрсдэл, тархалтад дөжирсөн юм шиг санагдаж байна.

МОНГОЛ УЛСАД 119 ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Тус халдвар нь томуу, томуу төст хэлбэрээр илэрч буй ч үлдэц ихтэй байна. Эдгэрсний дараа ч залуучуудад мэдрэл сэтгэцийн шинж тэмдэг, зүрх судасны тогтолцоонд өөрчлөлт орох зэрэг сөрөг нөлөө гарч буйг судалгаагаар тогтоосон. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсны дараа хүндрэл өгөх тохиолдол гарч байгаа тул эрсдэлтэй жирэмслэлтэд тооцогдож буй бол вакцин хийлгэхийг зөвлөж буй юм. Ковид 19-ын аль ч вакцины үед жирэмсэн эмэгтэй нас барсан тохиолдол гараагүй. Ашиг эрсдэл хоёрыг үнэлээд, хэрвээ эрсдэлтэй жирэмслэлтэд орж буй бол дархлаажуулалтад хамрагдахыг ДЭМБ-аас зөвлөж байна. Жирэмсний үед нотолгоонд суурилсан зөвлөгө мэдээлэлд тулгуурлах ёстой” гэлээ.

Таргалалт, даралт ихсэх, чихрийн шижин, ахмад насандааа төрөх тохиолдолд хүндрэл өгөх нь элбэг байгаа аж.

Эх сурвалж GoGo.mn

+ There are no comments

Add yours