Н.Алтанхуяг: Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй бол бид Монголын ард түмэнд хандана

АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч материалаа Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: “Ардчилсан нам хоёр хэсэг газар нэр дэвшүүлж байна. Үндэсний аудитын газарт мөн л хоёр мөрийн хөтөлбөр хийлгэсэн. Хоёулаа манайд ирлээ.

Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Нэг хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг дотооддоо шийдэхийг хүсэж байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар бол С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдээч.

Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Улс төрийн намуудын төрийн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн ерөнхий хороо шийдэх юм шиг нөхцөл байдал үүсэж байна. Бид та бүхнээс материал хүлээж авах хугацааг хойшлуулж байна. Өнөөдрийн 18:00 цагаас та бүхнийг хүлээж байя” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “СЕХ танайх бол нэг нам хоёр болсон гэж худал ярьдаг байгууллага биш. МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шулуухан хэлчихье. Чи хаан болчихсон юм шиг битгий олон юм ярь. СЕХ бол УИХ-аас байгуулагддаг байгууллага. Та нар МАН-ын дор орсон байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орсон. АН хуваагдаагүй. Хоёр АН гэж байхгүй. АН-ыг хуваах гэж МАН жигшүүртэй үйлдэл хийсээр байна. АН-ын тамга бүртгэлтэй хэвээрээ байгаа. Иргэний бүртгэлийн ажилтан захиалгаар тамга хийж болохгүй. Тэр байцаагчийн хийсэн тамгыг түдгэлзүүлсэн. У.Хүрэлсүхийн даалгаврыг биелүүлэхээ больцгоо та нар. Нэр дэвшигчээ захиалдаг болсон байна.

Ард түмний сонголтыг та нар хүндэл. Бидэнд бүх бичиг цаас нь байна. СЕХ бүртгэхгүй гэх юм бол бид Монголын ард түмэнд хандана” гэв.

+ There are no comments

Add yours