ТАНИЛЦ: ХҮН-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сунгаанд өрсөлдөх кандидатууд

Зөв ХҮН электорат эвсэл Ерөнхийлөгчөө захиалъя аяныг өрнүүлж, нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн таван хүнд намаасаа нэр дэвших саналыг тавьсан билээ. Тодруулбал, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, “Датаком”-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд Зөв ХҮН электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Тэдгээрээс Д.Жаргалсайхан татгалзсан хариу өгч, Ц.Оюунгэрэл Ардчилсан намынхаа дотоод сунгаанд өрсөлдсөн билээ.

Тэгвэл өнөөдөр ХҮН буюу Зөв ХҮН электорат эвслийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх саналыг Д.Энхбат, Б.Болдсайхан, Б.Батбаяр нар хүлээн авч, намын дотоод сунгаанд өрсөлдөхөө мэдэгдлээ. Тус намын дарга Т.Доржханд “Эх орондоо болон гадаад улсад оршин суугаа нийт Монголчуудынхаа захиалгыг хүндэтгэн хүлээн авсан Д.Энхбат, Б.Болдсайхан, Б.Батбаяр эрхмүүдэд эвслийнхээ нийт гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Монгол төрийн тэргүүний босго өндөр байж, маргаашийн нийгэмд гэрэл асаг” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

ХҮН-ын дотоод сунгаанд өрсөлдөх гурван кандидатын тухай цухас танилцуулвал:

Датакомын гэж олноо танигдсан УИХ-ын гишүүн асан, Монголчуудад интернэт гэх шинэ зүйлийг танилцуулсан , мэдээллийн технологи, боловсролын салбарт ажилладаг, Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ТУЗ-ийн дарга Д.Энхбат.

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, “Зүрх мартахгүй” аяныг санаачлан хэрэгжүүлж яваа зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан мөн дотоод сунгаанд нэр дэвшихээ мэдэгдсэн билээ.

Гурав дахь нэр дэвшигчээр Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр тодорсныг ХҮН-аас зарласан билээ. Тэрээр биохимич мэргэжилтэй, Монголын социал демократ намын дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд одоо “Непко” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, захирлын албыг хашиж байна.

ХҮН дотроо дотоод сунгаагаа явуулж Зөв ХҮН элокторат эвслээс ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчээ өнөөдөр 21:00 цагаас тодруулахаар болжээ.

+ There are no comments

Add yours