Сувилагчийн түүх: “Өвчтөн эцсийн амьсгалаа хураах хүртэл бид амь насыг нь аврах гэж бүх чадлаараа тэмцдэг”

Коронавируст халдварын хоёр дахь давалгаа Энэтхэгийг нөмөрч, нас барсан хүний тоо 200 мянгад хүрлээ. Эмнэлгийн ажилчид бол ковид-19-ийн вирустэй тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж, өдөр тутамдаа үхэл хагацалтай нүүр тулж буй хүмүүс. Энэтхэг сувилагч Вивеки Капур цар тахал түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай BBC-тэй ярилцсаныг хүргэж байна.

Би Дели хотын хувийн эмнэлэгт ковидын эрчимт эмчилгээний тасагт 25 сувилагчаа ахалж ажилладаг сувилагч. Цар тахал дэгдсэнээс хойш олон эмнэлгийн ажилчид өндөр эрсдэл хүлээж ажиллахад хэтэрхий бага цалинтай тул ажил мэргэжлээ орхисон.

Бидний ажил тав дахин нэмэгдэж, бүгд илүү цагаар ажилладаг болсон. Ялангуяа хоёр дахь давалгаагаар эмнэлэг завсар зайгүй өвчтнүүдээр дүүрсэн.

Намайг 22 жилийн турш сувилагчаар ажиллахад яаралтай тусламжийн, ямар нэг өвчин туссан, бэртсэн гэмтсэн янз янзын олон тооны өвчтнүүд ирдэг байсан ч энэ удаагийнх бол хэзээ ч төсөөлж байгаагүй, санаанд багтамгүй үзэгдэл болж байна. Өдрийн сүүлд би биеэ даахгүй болтлоо ядардаг. Надад одоо ор ч хэрэггүй болсон, ядарсандаа хаана ч хамаагүй унтаж чаддаг болсон.

Сувилахуйн мэргэжил бол өгөөмөр мэргэжил. Өвчтнүүд минь биднийг гэр бүлээ л гэж боддог. Эмнэлэгт шинээр хэвтсэн өвчтөн хамгийн түрүүнд сувилагчтай л танилцаж, бидэнтэй онцгой холбоо тогтоодог. Өвчтнүүд маань “Эгч ээ, эмч ээ бидэнд туслаач, авраач. Та бол бурхан” гэж аврал эрэхэд бидний зүрх шимширдэг.

Viveki Kapoor with some of the other nurses

Ковидоор халдварласан өвчтнүүд маш их айдастай эмнэлэгт ирдэг болохоор бид тэднийг аль болох зоригжуулах гэж л хичээдэг. Өмнө нь өвчтнүүд дуудахад нь хурдан ирсэнгүй гэж сувилагчдаа уурладаг байсан бол одоо тэд бидний ажлыг илүү ойлгож, хүндэлдэг болсон.

Халдварын эхний давалгааны үед өндөр настай хүмүүс л халдвар аваад эмнэлэгт ирдэг байсан бол одоо 15, 17 настай хүүхдүүд хүртэл хүндээр өвдөөд ирж байна. Өвчтнүүдээ сүүлийн амьсгал тасартал нь бид аварч, амьд үлдээхийг л хичээдэг. Бид чадах бүхнээ хийдэг ч заримдаа үнэхээр аварч чаддаггүй.

Өвчтнүүд маань эдгээд гарахад л баяр жаргалтай болж, тэд маань амиа алдвал би маш их хямардаг. Ялангуяа амьдрал нь дөнгөж эхэлж байгаа залуу хүмүүс нас барахад миний зүрх урагддаг.

Covid-19: India hospital fire as virus cases hit record high - BBC News

Өнгөрсөн долоо хоногт манай эмнэлэг дүүрч, хүчилтөрөгчийн хомсдолд ороод манай эмнэлэгт 25 хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барахад, миний бүх хөдөлмөр үнэхээр хүчгүйдэж уур минь хүрч билээ.

Хэзээд би Энэтхэг хүн болж төрсөнөөрөө бахархдаг байсан ч одоо эх орныхоо нөхцөл байдлыг харахад үнэхээр сэтгэл өвдөж байна. Нөхцөл байдал ийм болсон нь эрх баригчдын буруу, тэдэнд сонгуульд ялалт байгуулахаас өөр юу ч чухал биш.

+ There are no comments

Add yours