Оюутнууд хичээлийн байраа буцааж өгөхийг шаардлаа

Хичээлийн байрны газраа булаалгаж, сургалт судалгааны байргүй болж, сургалтын төлбөрөө төлчхөөд чанартай суралцах эрхээ хязгаарлуулж буй 200 гаруй багш ажилтан, 2000 гаруй оюутан сурагчид хичээлийн байрыг нь буцааж өгөхийг  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга Г.Ганбаяраас шаардлаа.  

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга Г.Ганбаяр нь монголын томоохон их сургууль болох ШУТИС-ийн өмч хамгаалах комисс, ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр, ажлын хэсгийн санал, ТУЗ-ийн бусад гишүүдийн саналыг үл харгалзан Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу-34 дүгээр байранд байрлах ШУТИС-ийн хичээлийн IV байр буюу Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС)-ийг байрны газрыг чөлөөлөх  “шийдвэр” гаргажээ.  

ШУТИС-ийн ҮТС нь одоогийн газар дээрээ “Үйлдвэрлэлийн технологи, судалгаа инновацын төв” барих төлөвлөгөөтэй байсан байна.  

Гэвч Дэд сайд Г.Ганбаярын гаргасан энэхүү “шийдвэр” нь хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн судлаач, профессор багш нар, оюутан, төгсөгчид, хамтран ажилладаг бизнесийн байгууллагуудын дэмжиж ирсэн санал, олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэсэн, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, зориулалтын бусаар ашиглахыг завдаж буй байж боломгүй үйлдэл хэмээн үзэж 200 гаруй багш ажилтан, 2000 гаруй оюутан сурагчид тус шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа ажээ.  

Тэд “Боловсрол шинжлэх ухааны яам тус газрыг чөлөөлөхөөр эртнээс төлөвлөж, элдэв тендер зарлаж явсныг профессор багш нар, суралцагч оюутнууд бид мэдээгүй болно. Угтаа бидэнд мэдэгдэж, ярилцаж, санал асууж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай санал авах учиртай. Гэтэл Монгол Улсын нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой хөнгөн аж үйлдвэрийн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн  бэлтгэдэг цорын ганц сургуулийн байрыг төрийн өмчөөр далайлган далдуур хуйвалдан авч зөвхөн яамны барилга болгохыг зорьсон нь салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас гарч боломжгүй бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл юм.  

Г.Ганбаяр нь өнөөгийн тахалтай, хорио тогтоосон үеийг “чоно борооноор” гэдэгчлэн ашиглан сургалтын байрыг яаравчлан нурааж газар чөлөөлөх оролдлогыг эрээ цээргүй хийж байна. Үүний нотолгоо нь “Боловсролын үнэлгээ, мэдээллийн нэгдсэн төв нэртэйгээр ШУТИС-ийн хичээлийн 4-р байрыг буулгаж, барих” нэртэй  тендер шалгаруулж, холбогдох зөвшөөрлүүдийг хүчээр гаргуулж, бүх ажил хурдтай явагдаж байгаагаас харж болно.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нь ШУТИС төдийгүй мөн хэд хэдэн сургуулийн ТУЗ-д “шургалсан” байдаг. Энэ нь өөрийн эрхгүй хотын А зэрэглэлд байршилтай сургуулиудын газар, хөрөнгөд халдаж байна” хэмээн хардаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.  

ШУТИС-ийн хичээлийн 4-р байрны уг барилга нь 1951 онд ашиглалтад орж, Хятад сургуулийн сурагчдын дотуур байр, МУИС-ийн оюутны дотуур байрын зориулалтаар ашиглагдаж байгаад, хожим нь 1996 онд ШУТИС-ийн харьяалалд шилжин, 1998 оноос хичээлийн байр болгон зориулалтыг өөрчлөн өрөө хоорондын ханыг буулган томсгон, их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн байгууламж юм байна.

Олон арван жил ашиглагдсан тус тоосгон барилгад Төр хайхрамжгүй хандаж, сүүлийн 25 орчим жилд их засварын хөрөнгийг шийдвэрлэж өгөөгүй аж. Гэвч тус сургууль өөрийн боломжоороо засваруудыг хийж, тордож ирсэн ч удаан хугацаанд их засвар хийгээгүйгээс барилга хурдан элэгдэж, сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа цаашид хэвийн явуулахад эрсдэлтэй болжээ. Үүнтэй холбоотойгоор 2015 онд хичээлийн байрыг эзэмшигч ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн зүгээс мэргэжлийн байгууллагуудад (Барилгын Зураг төсөл, оношлгооны Реконстракшн төв, Мэргэжлийн хяналтын газар) хандаж үнэлгээ дүгнэлт гаргуулсан байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа тооцоо гарсан байдаг. Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн хамт олны хүсэлтээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 8-р сарын 29-ний өдрийн 02-07-119/873 тоот дүгнэлт гарган баталгаажуулжээ.

Энэхүү ажлын хүрээнд МХЕГ-аас барилгыг насжилттай учир сайжруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсныг л Дэд сайд одоо “сугалж аваад” нураах шалтаг болгож байгаа аж.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн зүгээс шинэ барилгын зураг төслөө хийхэд ТУЗ-өөс 200 гаруй сая төгрөг гаргаж оюутнууд, багш нарын саналыг шингээж, холбогдох зөвшөөрлөө авч, бичиг баримтаа бүрдүүлэхэд хоёр жил болсон байна.

Шинээр барих сургуульд БШУЯ онцгойлон анхаарч, шинэ байрыг барихад шаардлагатай төсвийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана хэмээн итгэж байсан ч эсрэгээр эргэж газраа алдах цаашлаад 200 гаруй багш, 2000 гаруй сурагчид хичээлийн байргүй болох дээрээ тулжээ.

БШУЯ-наас албан бусаар ҮТС-ийн барилгыг өөр газрыг барих санал тулгаж байгаа бөгөөд тэр газар нь инженерийн дэд бүтцийн хувьд, газрын талбайн хувьд төлөвлөсөн барилгыг барих шаардлагыг хангахгүй байгаа ажээ.

2Comments

Add yours
  1. 1
    Anonymous

    Ганбаяраас ухаантай, мэдрэмжтэй боловсролын дэд сайд бол эх орны чухал салбарын ирээдүйн боловсон хүчин бэлтгэх хамгийн том сургуулийнхаа оюутнууд, ирээдүй хойчоо бодсон шийдвэр гаргавал гавьяагаа дуурсгах байх даа.

    • 2
      Ариунаа

      Энэ Ганбаяр ямар хурдан дээрээсээ дэгээтэй залуу вэ. Залуу хүнд үндэстэний эрх ашиг гэж баймаар юмаа. ШУТИС-ын ҮТС одоо тэгээд хаачих юм бэ? Түрээсийн хугацаа дуусахаар… Болж байгааг нь нураагаад, ирээдүйтэй хэсгийг нь нухчин дараадах гэсэн гадны захиалгатай юм болов уу гэж хардмаар зүйлс зарим төрийн ажилтанаас анзаарагдах юмаа!!!

+ Leave a Comment