Л.Баттөр: Халдвар, нас баралтын тоог үндэслээд хөл хориог 28 хоног тогтоох санал тавьж байгаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөрийн “Eagle news” телевизэд өгсөн ярилцлагаас хүргэж байна.

-“Хөл хорио тогтоочихоод байхад яагаад халдварын тоо буурахгүй байна вэ” гэсэн ойлголт олон нийтийн дунд байх шиг байна. Үүнд эхлээд хариулт өгөх нь зөв байх.

-Хөл хорио тогтоохоос өмнө халдварын тоо нэгэнт ихэсэж хүн амын дунд халдвар өргөн тархсан байдал руу шилжчихсэн, маш олон ойрын хавьтлууд оношлогдоогүй, халдвар авснаа ч мэдээгүй олон хүн байсан. Мөн хөл хорио тогтоох шийдвэр гарсны дараах хоёр өдөр дэлгүүр гэх мэт олон нийтийн газрууд хөл хөдөлгөөн ихтэй байсан. Халдварын нууц үе 5-6 хоног гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр хөл хорио тогтоохын өмнө халдвар авсан хүмүүс энэ өдрүүдэд илэрч байгаа. Тэгэхээр одоохондоо халдварын тоо буурахгүй. Ирэх долоо хоногоос буурах байх. 

-Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдсээр байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхээ больж байгаатай холбоотой юу?

-Аливаа халдварт өвчний тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүндрэх эрсдэл, нас баралт нэмэгддэг. Бид өмнө нь тандалт судалгаагаа маш сайн хийж, ойрын хавьтлуудыг 90-ээс дээш хувьтай илрүүлээд, илрүүлсэн хүмүүсийнхээ эмчилгээг хугацаа алдахгүйгээр эхлүүлж чаддаг байсан. Тиймээс хүндрэл, нас баралт бага байсан юм. Тэгэхээр манайхан энэ чинь нас бардаггүй л өвчин юм байна ш дээ гэж ойлгодог байсан. Гэтэл одоо бидэнд бодит аюул тулаад ирэхээр ард иргэд маань ойлгож байна. Өдөрт 10-20 тохиолдол гардаг байсан бол одоо 1000 гарахаар эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтож байгаа. Ойр хавьтал болсон зарим хүмүүст эмнэлгийг тусламж үйлчилгээг үнэхээр хүргэж чадахгүй, амжихгүй байна. Тиймээс дүүргийн эмнэлгүүдийг халдвар илрүүлэх, эмчлэх үйл ажиллагаанд татан оролцуулж эхэлсэн. Тохиолдлын тоо оргил үедээ хүрснээс хойш 14-21 хоногийн дараа хүндрэлүүд нь илэрдэг. Тэгэхээр магадгүй хөл хорио дуусах үед нас баралтын тоо оргил хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ нас барьж байгаа хүмүүс маань архаг, суурь өвчтэй хүмүүс байгаа. Коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийг задлан шинжилгээнд оруулахгүй гэсэн дүрэм журамтай. Тиймээс тэр хүмүүс яг халдвараасаа болоод нас барав уу, эсвэл архаг суурь өвчин нь нөлөөлөв үү гэдгийг нарийн тогтоох боломжгүй байгаа.

-Танай дэд захирал мэдээлэл өгөхдөө 15 хоногийн хөл хориог сунгаж 28 хоног болгох шаардлагатай гэж хэлсэн. Үүнийг эсэргүүцэх хүн олон бий. Ер нь хөл хориог сунгах ямар шаардлага байгаа юм бэ?

-ХӨСҮТ, ЭМЯ анхнаасаа 28 хоногийн хөл хорио тогтоох саналтай байсан. Хөл хорио тогтоохгүйгээр халдварын тархалтыг зогсоох ямар ч боломжгүй гэдгийг ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Бид тохиолдлын тоо, нас баралтын тоог үндэслээд хөл хорионы хугацааг сунгах санал тавьж байгаа. 

Эх сурвалж: Eagle news

+ There are no comments

Add yours