УИХ-ын гишүүний ЁС ЗҮЙГ хэлэлцдэггүй байнгын хорооны хэрэг байна уу

2020 оны УИХ-ын сонгуулиар шинээр бүрэлдсэн парламент поп гишүүдээсээ салж, ажил хэрэгч хариуцлагатай УИХ бүрдсэн гэж тодорхойлж байсан.  Гэсэн хэдий ч төрийн түшээдийн ичгэвтэр, ёс зүйгүй, хариуцлагагүй, хууль зөрчсөн, бусармаг үйлдэл удаа дараалан гарсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарынасуудал.  
Иргэн Б.Сүндэръяа нэр бүхий УИХ-ын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг энэ сарын 11-ний өдөр өөрийн цахим хуудаснаа байршуулснаар олон нийтэд ил болсон юм. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Түүнчлэн иргэн Б. Сүндэръяа дээрх мэдээллийг ил болгосны дараа 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар түүнтэй холбогдсон гэдгийг тэрбээр мэдэгдсэн. 
УИХ-ын гишүүн 1000 гаруй эмэгтэйд ажлын байрны дарамт үзүүлсэн тухай мэдээлэл цацагдаад хэдэн өдрийн нүүрийг  үзэж байхад УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо таг дуугүй байсаар.  
Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн түүхэнд энэ жил анх удаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан. Өмнө нь Ёс зүйн дэд хороо байсныг энэ жил үйл ажиллагааг нь өргөжүүлж байнгын хороо болгосон.  
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь  

гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, 

ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах,  
гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх; ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэхээс гадна гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудал,  нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн хороодыг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй ажиллана гэж заажээ. 
Тус байнгын хороог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалдаг. Мөн байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах гишүүд багтдаг. 
Цөөн үгээр хэлэхэд тус байнгын хороо угтаа бол УИХ-ын гишүүдийн гаргасан ёс зүйгүй үйлдэлд хяналт тавьж, шаардлагатай үед УИХ-д мэдүүлж арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй. Гэтэл энэ байнгын хороо өнөөдрийн хүртэл гишүүдийн гаргасан ёс зүйгүй үйлдэлд нэг ч удаа хариу үйлдэл хийгээгүй. Гишүүд энэ мэт ёс зүйгүй үйлдэл гаргасаар байг уу. Товчхондоо Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ажлаар хиймээр байна.

Эх сурвалж gogo.mn.

+ There are no comments

Add yours