“Жур” дарга нарын цустай саварт дахиад хэдэн цэргийн амь өртөх ёстой вэ, Г.Сайханбаяр сайд аа, Д.Ганзориг генерал аа

-Амиа алдсан хөөрхий цэргүүд, хүнд бэртэж, эрүүл мэндээ алдсан тэр залуусын төлөө Монголын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас хариуцлага нэхье-

Монголын батлан хамгаалах салбар гэж хөрсөндөө буудаггүй бага дарга нарын дэглэлт хүчээ авсан, хөнжилдөө хөлөө жийлцсэн хурандаа, генералуудын бүлэглэлтэй маш том мафи бий болоод удаж байгааг ойрын хоёр жилүүдэд хугацаат цэргийн албан хаагчдын зүй бус үхлээс харж болохоор болов.

Хамгийн хариуцлагатай байх ёстой энэ салбарт хариуцлагагүйн зуд нүүрлэж, өөрсдөө л өндөр суудалд сууж, албан тушаалын ямба эдэлж байвал боллоо гэсэн атгаг санаанд булагдсан дарга нэртэй мөрдэсний шуналтнуудаас болж Батлан хамгаалах гэсэн том нэрийн доор эх орноо хамгаална гэсэн том мөрөөдөлтэй ирсэн эр цэргүүд болсон жирийн монголчуудын амь нас ямар ч үнэ цэнэгүй тасардаг боллоо…

Энэ албанд эрдэнэт хүний амь эрх мэдэл албан тушаалаас хямд болсон гэж үү. Үнэхээр улс төрөөс ангид байж чаддаггүй болтлоо ялзарсан ийм салбарт эх хүн, эцэг хүн үр хүүхдээ цэрэгт явуулж байна хэмээн цэвэрхэн нэртэй “ярганы газар”-т өгчихлөө… хэмээн үрээ алдсан эх, эцгүүд голоо зуран байж харамсаж байна… Үрээ алдсан гэр бүлийн оройтсон харамсал, үүргээ биелүүлж үл мэдэх омогтой “жур” дарга нарын гарт дахиад хэдэн цэрэг амиа алдах ёстой юм бол, Г.Сайханбаяр сайд аа.

Эх орноо хамгаална, төрсөн нутгийнхаа төлөө хугацаат цэргийн албаа хааж, эр хүн болсоны бахархалыг мэдэрнэ хэмээн ижийдээ үнсүүлж, ааваараа үдүүлээд явсан хэчнээн Монгол залуугийн халуун сэтгэл, хүйтэн цогцос болон газрын хөрсөнд шингээд байна вэ. Хэзээнээс тангараг өргөсөн хугацаат цэргүүдийн амь нам дагаж, суудалд ассан дарга нарын нүдэнд торохгүй, сэтгэлд хамааралгүй болж, захын муу “жур”, нусан таглаагийн цустай гарын шүүсэнд дэвтэх болов, Д.Ганзориг генерал аа…

Монгол хүний аминаас үнэтэй салбарын нэр хүнд гэж зүтгэдэг албан тушаалын боол болсон дарга сэтэртэй, хурандаа, генералууд та бүхний албан тушаал, эрх мэдлийн төлөөсөнд хугацаат цэргийн алба хааж байгаа жирийн иргэдийн хүүхдүүд амиа өргөдөг энэ “заншил” хэрээс хэтэрлээ.

Тиймээс амиа алдсан хөөрхий цэргүүд, хүнд бэртэж, эрүүл мэндээ алдсан тэр залуусын төлөө Монголын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас хариуцлага нэхье. Хугацаат цэргийн албан хаагчид, цэргүүд эх орныхоо төлөө тулалдаж байсан тулаант он жилүүдээс дутахгүй амиа алдаж байгаа энэ цаг үеийг Энх цаг гэж нэрлэхэд дэндүү харамсмаар байна.

Монголчууд хүлээцтэй ард түмэн. Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хааж байсан А нь учир битүүлгээр амиа алдахад,  Увс аймгийн Баруунтуруун суманд хугацаат цэргийн алба хааж байсан В нь Тувагийн нутаг дэвсгэрт амиа алдахад, Налайх дүүрэгт Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдахад, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байлдагч А адуунд чирэгдэж амиа алдахад, Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарсан гэсэн оноштойгоор хагалгаанд орж,эрүүл мэндээ алдахад,  19-хэн настай, аав ээждээ амин хайр нь болсон залуусыг арми дуудаж авчхаад “амиа алдсан” гэдэг хоёрхон үгээр ар гэрийнхэнд нь чимээ дуулгаад дуугүй болж байхад, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид гарч байлаа. Алба хаагч Ж.Баярцогтыг ээлжийн ахлагч нь өвлийн хүйтэнд шөнийн 2-3 цагийн үед түүнийг болон бусад дөрвөн цэргийн хамтаар дарамталж, нүцгэлэн цээж рүү нь хүйтэн ус цацаж, хүйтэн цементэн дээр хөл нүцгэн зогсоосноос ийн хөдөлмөрийн чадвараа алдсан байхад, Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гранат дэлбэрч, шинэ цэрэг хоёр гаргүй болж байхад, Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдахад, гурван цэрэг Ховд голд живж амиа алдахад… Монголчууд, монголын хэвлэл мэдээллийнхэн хүлээцтэй байсан. Харин одоо бол үгүй. Учир нь аливаа бүхэнд цаг хугацаа, хил хязгаар гэж бий…

Хамгийн өндөр төсөвтэй, хамгийн хангалт сайтай салбар бол Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин. Хоол, хувцас нь хүртэл улсаас олгогддог ийм салбарт үхэл хагацал хэрээс хэтэрсэн нь даварсан сайд, генералуудтай нь шууд холбогдох үзэгдэл биш гэж үү. Хариуцлагаа хүлээ, дарга нар аа. Хариуцлагаа хүлээ, сайд, генерал, хурандаа нар аа. Та нарт Монголын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин жанжин штабыг удирдах ёс зүйн хийгээд, удирдах чадвар дэндүү дутагдалтай байна.Тэр бүү хэл та бүхний мөрөн дээр байгаа мөрдэс ч хүнддээд байна. Хэдхэн залуугийн, хэдхээн цэргийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байгаа та бүхний удирдах арга барил хэтэрхий дутагдалтай байгаа учир энэ салбарт үхэл, эрэмдэглэл газар авлаа. Одоо болно… Монгол хүний амь нас мөрдөн дээр байгаа мөрдэснээс чинь илүү үнэтэй…
Сэтгүүлч Х.Ган-Ялалт

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Шууд хүн дүртэй араатныг шууд Д.Сүхбаатарын төв талбайд ард түмний нүдэн дээр цаазлах ёстой байх. Тэгсэн цагт энэ асуудлыг таслан зогсоож чадна. Борооны дараах мөөг шиг хоосон одон медаль зүүсэн генералуудад ч бас ажлын хариуцлага тооцох учиртай.

+ Leave a Comment