Арьс ширний цогцолборын даргаар Н.Цэрэнбат томилогджээ

Аливаа зүйлд амны хишиг гэж нэг юм байх. Зарим хүмүүс ийм хүнийг алтан аяганы амсар зуусан хүн гэдэг бол нөгөө хэсэг нь албан тушаалын хишигтэй хэмээлцэх нь буй. Тэгвэл Увс нутгийн унаган хүү хэмээн уянгалдаг МАН-ын гишүүн Н.Цэрэнбат “сул зогсоогүй” шогшсоор ээлжит алтан аяганыхаа амсарыг зууж авчээ.

Учир нь хэн ч мэдээгүй байхад тэрбээр намын даргаа, генсекээ “хүзүүдэж” гүйсээр ажил нь эхлээд удаагүй ч ирээдүй нь асгарсан алт шиг ашигтай төрийн эзэмшлийн үйлдвэрийн захирлаар томилогдож чадсан байна. Энэ бол Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 180 га талбай хамруулан барьж байгаа “Дархан арьс ширний цогцолбор”-ын дарга гэсэн албан тушаал.

Өнгөрсөн сарын байдлаар уг цогцолборын ажлын явц 40 хувьтай бөгөөд цогцолборын шугам хоолойн ажил 80, дэд станцын ажил 90 хувьтай байгаа аж. Арьс ширний цогцолбор ашиглалтад орсноор төвийн бүсийн арьс ширний бүх үйлдвэрийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлнэ гэсэн үг.

No description available.

Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй ч бэлтгэх тогтолцоо, тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас түүхий эдийн үнэ цэнэ, бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүний хэмжээ хангалтгүй байгаа. Тиймээс үүнийг шийдвэрлэхээр “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийг байгуулан 2015 оноос туршилт, судалгааг, мөн ХХААХҮЯ-тай хамтран цогцолборын барилга барих төслийг 2018 оноос эхлүүлсэн байдаг. 

Төслийн хүрээнд жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалт, цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжийг барих юм.

Өөрөөр хэлбэл, бог малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт есийг, бод малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт дөрвийг, ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр хоёрыг, эсгийний хоёр, желатин уургийн хоёр үйлдвэр, мөн судалгаа хөгжил, инновацын төв, үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж, цахилгаан дамжуулах дэд станц зэргийг барихаар төлөвлөсэн ийм том төслийн хүрээнд хийгдэж байгаа төрийн өмчит томоохон бүтээн байгуулалт бүхий цогцолборын даргаар өмнөх Засгийн газарт Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбат томилогдож байгаа юм.

Дашрамд дурдахад, энэхүү нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулсанаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэн байнгын ажлын байртай болох боломжтой гэсэн. Ийм том алтан аяганы амсар зууна гэдэг том намын ивээлд тун чиг бөх орсон хүний ажил байх нь ойлгомжтой бизээ…

+ There are no comments

Add yours