Сансарын нисгэгч Ж.Гүррагчаад төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртээлээ

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн түүхт ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сансарын нисэгч Ж.Гүррагчаад төрийн дээд шагнал, төрийн тэргүүн зэргийн “Чингисхаан” одон гардууллаа.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал, БНМАУ болон ЗХУ-ын баатар юм. Тэрээр 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ.

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

+ There are no comments

Add yours