Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон. Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа эхлүүлж, завсарлагагүйгээр явуулж дуусгана. Гар тооллогын ажиллагааг зохион байгуулагчид буюу хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалт бүхий бээлий, богино ханцуйтай цамц өмсөх ба хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгаж баталгаажуулах юм.

“Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх заавар”-ыг баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэхүү зааврыг боловсруулахдаа сонгогчийн хуруун дээр тэмдэглэгээ хийхдээ эрүүл ахуйн зохих шаардлага хангасан халдвар хамгааллын дэглэм баримтлах, тэмдэглэгээ хийх дараалал, хадгалалт, хамгаалалт, хариуцлагын талаарх зохицуулалтыг оруулжээ. Бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй буюу хөгжлийн бэршээлийн улмаас гарын хуруунд тэмдэглэгээ хийх боломжгүй бол энэ талаар тэмдэглэл хөтлөх юм. Тэмдэглэгээ хийх бэхийг хүний биед болон гадна орчинд хоргүй болох талаар мэргэжлийн байгууллагуудад хандан баталгаа, дүгнэлт гаргуулна.

Өнөөдрийн хуралдаанаар сонгууль ажиглах журмыг шинэчлэн баталж, сонгууль ажиглаж байгаа бүх ажиглагчид ёс зүйн дүрэм мөрдөн ажиллахаар болов. Журамд сонгуулийн санал авах ажлын явцыг цахимаар болон хяналтын камераар ажиглах зохицуулалтыг тусгалаа.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

+ There are no comments

Add yours