Түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан

З.Төмөртөмөө: Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын санаачилгаар “Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалт болж байна.

Уулзалтыг нээж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын хамгийн том асуудал бол утаа. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар энэ тулгамдаж байгаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, шийдлийг тодорхойлж, цаашид улсын хэмжээнд дагаж мөрдөх зөвлөмж гараад зогсохгүй чадварлаг эрдэмтдийн зөвлөл, баг бүрэлдэхүүн байгуулагдана гэж итгэж байна.

Түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашид энэ үр дүнгээ бататгаж, 80 хувиар бууруулах зорилт тавин, бүх талын арга хэмжээг авч ажиллахад анхаарч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулахад эргэлтийн зарчмаар нөөцийг үр ашигтай хэрэглэх, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэл байгуулах зэрэг эко системд илүү үр дүнтэй менежментийг нэвтрүүлэхэд эрдэмтэн, судлааач та бүхний оролцоо туйлын чухал байгааг онцолъё” гэв.

Зөвлөлдөх уулзалтыг цаашид цувралаар зохион байгуулах бөгөөд өнөөдөр Агаарын бохирдлын тархалтын загварчлал, өнөөгийн төлөв байдал, Агаарын бохирдлын шалтгаан, эрүүл мэнд, Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах гэсэн гурван багц илтгэлийг салбарын эрдэмтэд хэлэлцэж байна.

+ There are no comments

Add yours