Хятадууд хаан сууж, Монгол жолооч нар харц лугаа ажиллах #Цагаан хад…

Цуврал сурвалжилга-2

Албаныхан нь сэтгүүлчдээс айж, жолооч нар нь сэтгүүлчдийг дагаж гүйлдсэн 72 цагийн сурвалжилга үнэндээ амар байгаагүй юм. Монголын сайтуудын нэгдсэн холбоо, Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулсан Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Цагаан хад суурингаас бодит байдлыг сурвалжлах багийн гишүүдэд хамгийн ихээр тулгамдсан асуудал тэнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчдаас үзүүлэх дарамт байв.

           Өглөө сэрэхэд, орой ирэхэд л “одоо яв, хот руу буц”, “эсвэл долоо хоног хөл хорионд хорих ёстой”, “яваад өгөөч, дарга нар амар заяа үзүүлэхгүй байна”, “та нар хэзээ явах гэж байна, одоо та нарыг Цагаан хаднаас гарга гэдэг тушаал ирсэн”, “миний ажилтай яриад байна, та нар яваад өгөөч” гэсэн шаардлага, тулган шаардлага бүхий харилцаа тэрхүү 72 цагт байнга ирж байсан учир сүүлдээ бид ч санаа зовж, “олон хүнийг хоолноос нь салгахаасаа өмнө явцгаая” гэдэг шийдвэр гаргасан.

Сэтгүүлчид Цагаан хад сууринд 72 цаг байхдаа тус суурингийн цор ганц бүтээн байгуулалт, цогцолбор болох Тайван зогсоолын зочид буудалд байрласан. Харин уг зогсоолын гадна 24 цагийн манаачийг цагдаа, онцгойгийн маяктай машинууд сайн дураараа хийж байсан бөгөөд Онцгой байдлын ажилтан залууг сүүлдээ бид ч харахаас халширч, “нээрээ эндээс хурдан явья, энэ залуу биднээс болж ажлаасаа халагдвал хэцүү зүйл болно…” гэлцэхдээ тулж байв.

Нөгөө талаар Цагаан хаданд анх удаа ийм олон сэтгүүлч ирж, түүгээр зогсохгүй төрийн албан хаагчид, дарга нар гэхээсээ илүү бодит байдлын сурвалжилга, ярилцлага хийж, жолооч нартай уулзаж ажилласан нь албан тушаалтнуудад таалагдаагүй юм билээ. Мөн биднийг очих үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын  гишүүн Т.Доржханд нарын албаны хүмүүс тэнд очиж ажиллаж таарсан. Түүнчлэн Цагаан хаданд тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд ажилласан, Цагаан хадны гаалийн байцаагчдын хутга шөвөгтөө тулсан зодооны асуудал … олны анхаарлын төвд байсан учир төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа алба хаагчдын хувьд сэтгүүлчид хэзээ бөөнөөрөө дайраад ороод ирэх бол гэсэн байнгын айдастай байсан нь сэтгүүлчдийг тэндээс хурдан явуулах, аль болох анхаарлыг нь татахгүй байх, төрийг төлөөлж ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчид бол бүүр тусгаарлагдаж, аль болох сэтгүүлчдийг эндээс хурдан явуул… хэмээн бачимдаж, сүүлдээ сэтгүүлчдийг долоон хоногийн хөл хорионд оруулна гэж зүтгэж байснаас хангалттай харж байсан юм.

Өөрөөр хэлбэл энэ удаагийн сэтгүүлчдийн багийг Цагаан хаданд жолооч нараас өөр баярлан угтсан хүмүүс цөөхөн байсан учир байнгын хараа, хяналт, учир тоймгүй шахалт хавчилгатай, айдас хүйдэстэй байсан. Ямартай ч Цагаан хаданд ажиллаж байгаа жолооч нар сэтгүүлчдийн утсыг амраахгүй мэдээлэл өгч, уулзахыг урьж байсан учир дарга албан тушаалтнуудаас ирүүлэх дарамтыг тоохгүй, өдөр шөнөгүй, цаг наргүй, амрах завгүй ажилласан сэтгүүлчдийн хувьд хэзээ ч хөөгдчих гээд байсан учир аль болох олон хүнтэй уулзаж мэдээлэл солилцож амжиж байлаа… сэтгүүлчид амрахгүй ажиллаж, сэтгүүлчдийг ажиллах нөхцөлийг хангах ажлыг Монголын сайтын холбооноос маш чадварлаг зохион байгуулж, сэтгүүлчдэд шууд ирэх дарамтыг зайлуулж байсан нь талархмаар байв.

Өмнөх сурвалжилгадаа бид нүүрс тээврийн замд 15 мянган жолооч нар ажиллаж байгаа тухай өгүүлсэн. Монгол Улсын гаалийн чөлөөт бүс Цагаан хадны НАБТ буюу нүүрс ачиж буулгах талбайгаас Хятад руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй 3500 машин хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 140 компанид хамаарагдан ажиллаж байгаа гэдэг албан бус тоо байдаг юм байна.  Хятадын компаниудын хувьд ихэвчлэн богинын тээвэрт ажиллана. Энэ нь Цагаан хаданд НАБТ-ад буулгасан нүүрсийг машиндаа ачин хятадын хилээр гаргах эрхтэй. Нийтдээ 7000 орчим Монгол жолооч нар энд ажиллана. Тэд сард 3-5 удаа хилээр гарч, нүүрсээ буулгана. Ингэж ажиллахын тулд 24 цаг машиныхаа кабинд амьдарч, нүүрсний зам гэгдэх нарийхан засмал зам дээр дугаарлаж цагийг өнгөрөөнө. Хэдийгээр Хятад-Монголын хилээр нэг минутад нэг машин гарч байх ёстой, гаалийн ажилтан 30 секундэд нэг машиныг бүрэн шалгаж, хилээр нэвтрэх эрхийг дарах дүрэмтэй ч хил хязгаарын энэ бүсэд төрийн албан хаагчид шиг эрх мэдэлтэй, том дуутай хүн алга гэхэд хэтрүүлсэн болохгүй юм. Энэ ч утгаараа өндөр дуутай, эрх мэдэлтэй алба хаагчдын аяыг харж, аргыг нь олоод амжаад буцах нь жолооч нарын хувьд чухал. Учир нь тэд нэг рейсээс 1.5-1.8 сая төгрөгийн цалин авна.

Цагаан хаданд нийтдээ 29 НАБТ байдаг. НАБТ гэдэг нь нүүрс ачиж, буулгах талбай гэсэн дөрвөн үгийн товчлол бөгөөд эдүгээ энэ газрыг “там” болгож буй ганц зүйл юм. Тавантолгойн нүүрсний уурхайгаас нийтдээ 7840 жолооч “уртын рейс” хийж байгаа. Тэд ингэж ачиж ирсэн нүүрсээ Цагаан хадан орших НАБТ-д буулгана. Биднийг очиход Цагаан хадны 29 НАБТ-н 27 нь ажиллаж байсан. Ойролцоогоор 18-35 га газарт 5-7 метрийн өндөр хоёр давхар торон хашаагаар хүрээлүүлсэн уг талбайд Тавантолгойгоос ачиж ирсэн нүүрсийг буулгана. Ингэж буулгасан нүүрсийг хятадаас хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл ирүүлсэний дагуу монголын гаалийн байцаагчид хоёр төрлийн зөвшөөрөл гаргаж өгсөнөөр тээвэрлэн хилээр гаргана. Монголын бага дархан цаазат бүс газрын уул, хөндийг “там” болгож байгаа энэ хэсэгхэн үйлчилгээг 2008 оноос эхлүүлж эдүгээ 13 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд ингэснээр монголын 15 мянга орчим жолооч нар амь зуулгаа авч яваа гэнэ. Эдгээр жолооч нар нэг рейсийн 1.8 сая, сард 5-7 сая төгрөгийн цалин авах гэж ингэж ажиллаж байгаа бол 20 гаруйхан километрийн цаана орших Ганц модны боомтоор нүүрс гаргаж байгаа хятад компаниуд нэг машинаас нэг өдөрт 16-32 сая, сард 80-160 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа гээд боддоо… Ийм ашигтай ажилладаг учир хятадууд Улаанбаатар хотын хамгийн үнэтэй оффисыг түрээсэлж, 280-320 сая төгрөгийн үнэтэй машинуудыг 100, 100-гаар нь оруулж ирэн монголчуудыг жолоочоор ажиллуулж байна.

Цагаан хаданд байрладаг 29 НАБТ-ын талбайн тав нь 100 хувь монголын өмчит компаниуд. Монголын компаниуд ихэвчлэн 18-25 га газарт НАБТ-аа байршуулдаг бол хятадууд хамгийн их талбайг НАБТ-аар ашигладаг. Мөн Монголын АТҮТ, цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газраас нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг заавал кэмп байгуулж, жолооч нараа амраах, усанд орох, машиндаа засвар үйлчилгээ хийх боломжтой байх ёстой гэдэг шаардлага тавих болсон учир Монгол компаниуд уг шаардлагыг хангасан стандартын дагуу кэмп байгуулаад эхэлсэнээр машиндаа хонодог жолооч нарын тоо эрс буурсан гэнэ. Харин Цагаан хаданд “бэлэнгийнхэн” хэмээх нэрээр алдаршсан хятад компаниудад Монголын төрийн байгууллагаас шаардах шаардлага “хамаагүй” хэмээн аашилдаг учир өнөөдөр 7000 жолооч хил хүртэлх 20 гаруй километр газарт 4-30 хоног хүртэл машины кабинд хоног төөрүүлж байгаа аж.

Түүнчлэн нүүрс тээвэрлэж хятад руу гаргаж байгаа машинуудаас хамгийн ихээр илэрдэг зөрчил хориотой барааны тээвэрлэлт. Үүнд, нэн ховор амьтадын арьс, эд эрхтэнээс эхлэн ховор живэр ургамал, үнэт чулуу, эд өлгийн зүйл… гэх мэтээр үргэлжилнэ. Мөн олон сар жилээр ажиллаж байгаа жолооч нар “унтаж дугаараа алдахгүйн тулд” гэсэн тайлбартайгаар “мөс” хэмээн хар тамхины төрөл хэрэглэж мансуурах, архидаж зодолдож, автын осол гаргаж, нэгнийхээ аминд хүрэх, эд хөрөнгөөрөө хохирох … гэх мэтээр асар олон зөрчил гаргадаг учир хятадын талаас нүүрстэй машин татах ажлыг саармагжуулах, зогсоох… зэргээр монополь байдлаа ашиглах нь цөөнгүй байдгийг жолооч нар өгүүлсэн. Нэг үхрийн эвэр дэлсвэл 1000 үхрийн эвэр доргино гэдэг шиг аль нэг машинаас хориотой бараа илэрвэл 21 хүртэл хоногоор сунжирч асуудал үүсдэг гэнэ.

Цагаан хаданд байрлах НАБТ-гаас харилцан адилгүй ачилт хийгдэнэ. Зарим нь талбайгаас өдөрт 10 машин ачуулж байхад зарим талбайгаас 85 машин ачуулах нь бий. Ингэснээр дунджаар 500 машин өдөрт нүүрс ачуулан хилийн зүг хөдөлнө. Гэхдээ хятадын хил өдөрт 500-600 машин татах учир өмнөх өдөр нь гарсан машин зам дагуу дугаарт зогсох учир Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл 1800-2500 машин байнга дугаарлах нь яг л хөдөлдөггүй галт тэрэг шиг харагдана. Машины урагшлах нь 2-4 метрээр бас тасрахгүй учир зугуухан мөлхсөөр  4-14 хоногт хилээр гарчихна. Ингэж урагшилдаг учир энэ зам дээр олон жил ажилласан жолооч нар 2-3 машинтай гарах нь цөөнгүй. Ингэхдээ 2-3 машины дунд явна гэсэн үг. Нэгийг нь урагшлуулж, эргэж нөгөөгөө авсаар хил давчих юм бол рейсээрээ цалинждаг учир 20 сая орчим орлого олдог. Тиймээс нэг гүрийчихээд хот руу давхиж гэртээ хоёр сар амарчихаад эргээд ирдэг жолооч нарын хувьд архи дарснаас хол ч “мөс” гэх бүүр хэрцгий “амттан”-д хэтэрхий ойрхон байдаг тухай яриа чихний гадуур өнгөрсөнгүй ээ…

Үргэлжлэл бий…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours