Б.Идэр-Од: Оюутнууддаа өгөх миний зөвлөгөө

Комедиан, CallPro компани, Faro сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Идэр-Од сошиал хуудсаараа оюутан, сурагчдад хандан олон зөвлөгөө, туршлагаа хуваалцдаг билээ. Түүний “оюутнуудад өгөх миний зөвлөгөө” нийтлэлийг хүргэж байна.

  1. Оюутан үе бол ээж, ааваасаа ичихгүйгээр мөнгө асууж болох сүүлчийн боломжит үе. Одоо мөнгө их санагдаж байгаа ч, үнэхээр үр шимийг нь өөртөө шингээж чадах л юм бол санаа зоволгүйгээр аав, ээжээрээ туслуул. Үнэнээ л хэл.
  2. Гэрийнхэндээ өчнөөн зардал болж, найдварыг нь авч гадаадад оччихоод Монголчуудаараа нийлж, Монголд байгаа юм шиг амьдраад хэрэггүй. Ирээд сайхан Монгол амьдралдаа ор. Наанаа аль болох л гадаадаар ярь, гадаад хүмүүстэй найзла.
  3. Спорт, урлагт зарцуулсан цаг хэзээ ч амьдралын гарз болдоггүй. Дуртай л байвал хичээллэхээ бүү зогсоо. Юу ариун, урлаг ариун. Юу аугаа, спорт аугаа.
  4. Заавал дөрвөн жилд багтааж сурах гэж бүү өөрийгөө зовоо. Таван жил сур. Найзууд чинь түрүүлж ажилд орлоо гээд чи нэг их ард хоцорчихгүй ээ. Сургуулийн, багын найзууд л чамд хамгийн үнэнч хань болно. Сайхан дотны найзуудтай болж ав.
  5. Бизнесийг ганц хүний толгойгоор хийдэг цаг өнгөрсөн. Ганцаараа юм шиг харагддаг бүх инфлүүнзрүүдийн ард сэтгэдэг, санаа нэмэрлэдэг баг байж л байдаг. Аль болох олон хүнтэй танилц. Хүнээр дамжуулж олон хобби, салбар, сонирхлын талаар нээж мэд. Амралтын өдөр бүрийг гарч хүмүүстэй хамт өнгөрөө. Жилд 54-хөн амралтын өдрүүд байдаг.
  6. Хүн ухаан сууж дуусахгүй ээ. Төгс, ухаалаг, том хүн болохоо битгий хүлээ. Тэнэгтсэн бол тэрийгээ дор дор нь ойлгоод, сайжраад л явна. Өөрийгөө битгий миалж бодож, сэтгэлээ зовоо.
  7. Учиргүй яг тодорхой бодчихсон бизнес эхлүүлэх гээгүй л юм бол мөнгө битгий хадгал. Мөнгөө үрэн байж үзсэн юмс, танилцсан хүмүүс, сонссон зүйлс чинь чамд ирээдүйд баялаг болно. Бас насаараа бахдан ярьдаг дурсамж болно. Ямарч баян хүн оюутан насны ганган дурсамжуудыг чинь цагаан атаархаж сонсдог юм шүү.
  8. Бэлгийн эрүүл мэнд, сэкс гэсэн сэдвүүдээр бүррр нэг цаг гаргаж байгаад интернет ухаж өөрийгөө хөгжүүл. Монголд тэмбүү арай л аймар байгаа шүү. Хэвлэлийнхэн сайн тайлбарлаж ярихгүй байна. Ядаж бактер, вирусын гаралтай түгээмэл өвчнүүдийг ялгаад мэддэг болчих. Одоо Монгол хэлээр зөндөө сайн мэдээлэл Гүүглээс олддог болсон үе.

Эх сурвалж: Ider-Od Bat-Erdene /сошиал хаяг/

+ There are no comments

Add yours